"Лалын улс"-ын террористуудын тоо анх удаа буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-27 10:35:05

ВАШИНГТОН. /Anadolu/. Ирак болон Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн цэргүүдийн тоо 19-25 мянгын хооронд хэлбэлзэж байна гэж Пентагоны  хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Энэ нь 2014 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм гэж тэрбээр мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлэх тухай зарлиг гаргаснаас хэдэн сарын дараа Пентагон босогчдын тооны талаарх мэдээллээ шинэчилсэн байна.

Ирак, Сирид нэвтэрч буй гадаадын босогчдын тоо өнгөрсөн онд нэлээд ихээр буурсан гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчний генерал Питер Герстен мэдэгдэв. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд сар бүр 1500-2000 гадаадын иргэд “Лалын улс” бүлэглэлд нэгдсэн гэж тэрбээр үзэж байна.

“Одоогийн байдлаар бид “Лалын улс” бүлэглэлтэй бүтэн жилийн турш тэмцэж байгаа бөгөөд тус бүлэглэлд нэгдэх хүмүүсийн тоо сард 200 болж буурна гэж тооцоолж байна. Мөн тус бүлэглэлийн цэргээс оргож буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа” гэж тэрбээр мэдэгджээ.

Террористуудын тоо 1000-5000-аар буурна гэдэг бол төдийлөн их биш юм. Учир нь АНУ-ын зүгээс “Лалын улс”-тай тэмцэхэд асар их хэмжээний зардал гаргаж байгаа билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ