Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хүндрэлтэй асуудлууд гарах төлөвтэй байгаа гэв

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-02-28 19:52:11

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдрийн 17.00 цагийн нөхцөл байдлын мэдээлэлдээ “Бид хуулийн хүрээнд Монгол Улсынхаа иргэдийг эх оронд нь хүлээж авах ёстой. Харин эрсдэлтэй бүс нутгаас ирж байгаа гэдэг утгаар урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимтэй, өндөр түвшинд явуулж байгааг ард иргэд ойлгох хэрэгтэй” хэмээн онцоллоо. Учир нь ард иргэдийн зүгээс хойд хилийг хааж болохгүй юу гэсэн саналыг олонтаа ирүүлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг сумаар дайран Олон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн пункт байгуулж, байнгын ажиллагаанд оруулан, хяналт тавин ажиллаж байна. Мөн Алтанбулаг боомтоор зорчин ирж буй иргэдээс “Зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлэг” хуудсыг бөглүүлж, асуумж судалгаа аван тандалт хийж, зорчигчийн биеийн халууныг Ti-50 маркийн суурин болон духны термометрээр, шаардлагатай тохиолдолд суганы термометрээр дахин үзэж баталгаажуулж байгаа аж. Цаашид "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулахад дараах хүндрэлтэй асуудлууд гарахаар байгаа талаар аймгийн Онцгой комиссын дарга мэдээллээ. Үүнд:

-Хүний нөөц өөрөөр хэлбэл эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хүрэлцээ хангамжийн асуудал,

-Тусгаарлагдаж байгаа хүмүүсийг тээвэрлэх, байрлуулах, эмнэлгийн тусламж үзүүлэх, эмч, эмнэлгийн ажилчдын нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, шаардлагатай эм хэрэгсэл, тусгаарлах өрөөний бэлэн байдал зэрэгт зарцуулагдах хөрөнгө санхүүгийн хүндрэл учрах нөхцөл байдал үүсэх хандлагатай байна. Түүнчлэн эм, эмнэлгийн хэрэгслийн олдоц зэрэг аж.   

Энэ аюулт өвчнийг хамтдаа ялан дийлэхэд иргэдийн ухамсар, хариуцлагатай байдал маш чухал. Улсын хилээр орж ирж байгаа иргэд зорчсон газраа үнэн зөвөөр мэдүүлэх нь иргэний үүрэг шүү гэдгийг тэрээр онцлон тэмдэглэж хэллээ. Мөн онцын шаардлагагүй тохиолдолд ОХУ болон өвчлөл гарсан улс орон руу зорчихгүй байхыг анхаарууллаа.

 

 

Холбоотой мэдээ