Аймгийн хэмжээнд 59 пост ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-02-27 17:59:52

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой комиссын 02 дугаар сарын 26-ны хуралдаанаар аймаг, сумаас орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-ны 08:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан аймгийн хэмжээнд 59 постод цагдаагийн 67 алба хаагч, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдын хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэн, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн төвийн 5 постын нөхцөл байдлаас харахад иргэдийн болон техник хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, сумдын Онцгой комиссоос аймгийн Онцгой комисст мэдэгдэлгүй нэвтрэх бичиг хийж өгөх, зөвшөөрлийн бичиггүй, хорио цээрийн хязгаарлалтыг сунгасан мэдээ мэдээллийг аваагүй гэх шалтгаанаар постуудаар иргэд явганаар болон машин техник хэрэгслээр нэвтрэхийг оролдох зэрэг шалтгаан нь ажлын ачаалал үүсгэж байгаа тул иргэд та бүхэн хариуцлагатай байж, иргэнийхээ үүргийг биелүүлэхийг аймгийн Цагдаагийн газраас зөвлөж байна. 

Холбоотой мэдээ