Урьдчилан авсан тасалбарын үнийг шимтгэлгүйгээр буцаан олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-02-27 18:05:03

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс  2 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цаг хүртэл орон нутгийн зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зогсоох, шашин, сүм, хийдийн хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног, төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нэмэлт нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг авахаар болов.

Энэ хугацаанд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбарыг урьдчилан авсан иргэдийн тасалбарын үнийг шимтгэлгүйгээр буцаан олгохыг аймгийн Автотээврийн төвийн дарга З.Балданнямд үүрэг болгосон юм. Мөн коронавирусний халдвар тархсан улс орнуудад оршин сууж байсан, дамжин өнгөрсөн зэрэг хүнтэй хавьтал болсон өгүүлэмжтэй хүмүүсийг 14 хоног өөрсдийнх нь зардлаар тусгаарлаж, шинжилгээний хариу гартал ажиглалт хийхийг Эрүүл мэндийн газрын дарга Д.Шивааннүрдэвт үүрэг болгов.

Айл хэсч байгаа иргэдийг камераар хянаж, зургийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх, гадуур яваа хүүхдүүдэд хараа хяналт тавихыг холбогдох албаныханд даалгалаа. Түүнчлэн аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 256 дугаар анги, сумдын Засаг дарга нар, хэвлэл мэдээллийн байгууллага, бусад бүх шатны байгууллагын удирдлага тус бүр хандсан үүрэг чиглэл өгөөд байна.

Холбоотой мэдээ