Шинэ Делид болсон мөргөлдөөний үеэр амиа алдсан хүний тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Иргэншлийн тухай маргаан дагуулсан хуулийг дэмжигчид болон эсэргүүцэгчдын хооронд болсон мөргөлдөөний үеэр амиа алдсан хүний тоо 34-т хүрлээ гэж Энэтхэгийн телевизийн “NDTV” суваг эмнэлгүүдийн мэдээллээс иш татан дамжуулжээ.
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн эмх замбараагүй байдлын үеэр түүнд оролцогчид цагдаа нартай мөргөлдөж, автомашин галдан шатааснаас гадна, галт зэвсэг хэрэглэсэн тохиолдол гарсан байна.
“NDTV” сувгаар мэдээлснээр, 200 гаруй хүн бэртсэн бөгөөд тэдний дунд хүүхдүүд байгаа аж. Өмнө нь цагдаагийн нэг ажилтныг оруулаад 32 хүн амиа алдсан гэж мэдээлж байв.
Нийслэл хотын цагдаа нар 106 хүнийг эмх замбараагүй байдал дэгдээсэн хэргээр баривчилжээ. Үүний зэрэгцээ сөрөг хүчнийхэн Дотоод хэргийн сайд Амит Шахыг "үймээн самууныг эсрэг зогсож чадаагүй" гэх шалтгаанаар огцрохыг шаардсан байна.
Энэтхэгийн парламент иргэншлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн онд баталсан юм. Уг хуульд өөрчлөлт оруулснаар хөрш Афганистан, Пакистан болон Бангладеш улсын лалын шашин шүтдэггүй иргэд хэрэв эх орондоо хавчлагад өртсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар Энэтхэгийн иргэншил авах бөгөөд энэ нь тус улсын лалын шашинт иргэдийн дургүйцлийг төрүүлжээ. Энэхүү хуулийг эсэргүүцэгчид өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш орон даяар жагсаал зохион байгуулж байгаа ажээ.