Хязгаарлалтын дэглэм зөрчсөн 5 иргэнд арга хэмжээ авчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-02-27 16:57:08

Архангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 5 дугаар хуралдааны тэмдэглэл, аймгийн Засаг даргын 2020 оны А/80 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, 02 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэлх хугацаанд орон нутгийн чанартай авто зам болон аймаг, сумаас орох, гарах иргэд, авто машины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, эргүүл, пост ажиллуулж, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан байна.

Дээрх 02 дугаар сарын 23-27-ны 08.00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм зөрчсөн 5 иргэнд Гамшгаас хамгаалах болох Зөрчлийн тухай хуулийн дагуу 750 нэгж буюу 750.000 төгрөгийн торгуулийг оногдуулжээ. Мөн 10 сумын хяналтын постоор эмнэлгийн магадлагаа, нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн 127 иргэнд нэвтрэх зөвшөөрлийг олгож ажиллажээ.

Аймгийн Засаг даргаар “Ажлын тусгай горимд түр шилжүүлэх тухай” захирамж гаргуулан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 214 байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэн, эргүүл постод гарах үед хоцрохгүй, утсаа унтраахгүй байх зэрэг алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, хяналт  тавьж ажилласан байна.

Аймгийн 19 сумын хэмжээнд хяналтын 22, хөдөлгөөнт 36 пост гарч, давхардсан тоогоор 1044 алба хаагч, 141 автомашинтай үүрэг гүйцэтгэсэн байна. Үүнээс Эрдэнэбулган суманд хяналтын 4 пост 24 цагаар, хөдөлгөөнт 7 пост 18 цагаар 316 алба хаагч, 68 авто машинтай үүрэг гүйцэтгэжээ.

Өнөөдрөөс 03-р сарын 03-ны 08.00 цаг хүртэл аймаг, сумаас орох, гарах иргэд, авто машины хөдөлгөөний зогсоох хугацааг сунгаж, хяналт шалгалтыг чангатган ажиллаж байна. 

Холбоотой мэдээ