О.Сэндэгмаа:Үйлчилгээний байгууллагуудыг сургалт мэдээллээр хангахад төрөөс анхаармаар байна

Орон нутагт | Увс
erdenechimeg@montsame.mn
2016-04-26 17:56:26

Увс аймгийн Улаангом сумын “Титэм” худалдааны төвийн захирал Отгоны Сэндэгмаатай ярилцлаа. Улаангом хотынхоо өнгө үзэмжийг чимсэн томоохон худалдааны төвийн захирал энэ бүсгүй Увс нутгийнхаа охид хүүхнүүдийг гоо сайхан, өнгөлөг царайлаг, үзэмж төгс байлгахын төлөө сүүлийн 20 гаруй жил хөдөлмөрлөж явна. Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэе.

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач?
-Би 1969 онд Улаангомд төрсөн. Намайг хоёр настай байхад аав маань Баруунтурууны сангийн аж ахуйд агрономичоор томилогдож, манайх тийшээ шилжсэн юм. Долдугаар анги төгстлөө Баруунтуруунд амьдарсан бөгөөд бага насны маань нандин дурсамж бүхэн Баруунтуруун сумтай салшгүй холбоотой.
1994 онд УБИС-ийг Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн. Одоо “Титэм-Увс” ХХК-ийн захирлаар ажиллаж байна.
-Гоо сайхны бизнесээ хэдийнээс эхлүүлсэн бэ?
-2001 оноос эхлэсэн орифлеймын бизнес маань өргөжин тэлсээр 2007 онд өөрийн гэсэн “Титэм” дэлгүүрээ нээж байлаа. Увсын хүүхнүүддээ хамгийн сайн, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх зорилгоор тэргүүлэх гэсэн утгатай “Титэм” гэсэн нэрийг дэлгүүртээ өгч байлаа. 2013 онд “Титэм” худалдааны төвөө нээсэн дээ. Одоо бид бичиг хэрэг, бэлэг дурсгалын бараа, гоёл чимэглэл, гоо сайхан, монгол бараа гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
-Увсын хүүхнүүд маань гоё сайхан, өнгөлөг царайлаг байхад таны оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Мэдээж хэрэг олон хүүхнүүд танд баярлаж талархсанаа илэрхийлдэг биз дээ?
-Эрс тэс уур амьсгалтай, алслагдсан хязгаарт амьдарч байгаа нутгийнхаа хүүхнүүдийг гоё царайтай, арьсаа зөв арчилдаг, чанартай бүтээгдэхүүн хэрэглэдэг болгохын төлөө энэ он жилүүдэд анхаарч ажиллаж ирсэн. Хамгийн гол нь боломжийн үнээр, болж өгвөл Улаанбаатар хотод зарагдаж байгаа үнээр нь брэнд бүтээгдэхүүнийг Увсын хэрэглэгчиддээ хүргэхийг зорьдог.
Хамгийн сүүлд Японы Краши, Сизайн брэндийн бүтээгдэхүүнийг оруулж ирээд худалдаалж байна. Монголд албан ёсны эрхтэйгээр “Мild” косметикс оруулж ирдэг бөгөөд манайх гэрээ байгуулаад хамтран ажиллаж байна. Брэнд бүтээгдэхүүнд чанар шингэсэн байдаг тул үнэтэй талдаа байдаг. Гэхдээ энэ бүтээгдэхүүний хувьд боломжийн үнэтэй, бусад брэндээс дутахгүй чанар сайтай тул хүүхнүүд маань маш их талархан хүлээж авч байна. Арьсанд нь ч гэсэн сайн таарч байгаа. Хуучин бол гоо сайхны бүтээгдэхүүнүүд тестгүй ирээд шууд л зарагддаг байсан бол сүүлийн үед ирж байгаа бүтээгдэхүүнүүд дандаа тесттэй учраас давуу талтай. Хэрэглэгчид маань бүтээгдэхүүний тестийг газар дээрээ хэрэглэж үзээд, эсвэл гэртээ туршиж үзээд худалдан авалт хийх боломжтой болсон.

Бизнесээ өргөжүүлэхсэн, ажилтай амьдралтай байхсан гэж маш их хүсч эрмэлзэн, шантралгүй, залхууралгүй, уйгагүй хөдөлмөрлөж, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг байсны хүчинд өнөөдрийн энэ амжилтанд би хүрч чадсан. Бас зөвхөн мөнгө олохыг урьтал болгоогүй. Хүмүүст янз бүрийн таардаг, таардаггүй бүтээгдэхүүн шахаж байгаагүй. Тэр хүний арьсанд тохирсон, боломжид таарсан бүтээгдэхүүн сонгож өгөөд явуулчих юмсан хэмээн аль болох үйлчлүүлэгчээ боддог байсан учраас миний бизнес өргөжин тэлсэн. Хэрвээ мөнгө салгаж авахын төлөө байсан бол би хол явахгүй байлаа.  Худалдан авагчдад борлуулалт хийхийн төлөө биш, хамгийн гол нь тэр хүндээ зөвлөгөөг нь сайн өгч, сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн сонгоход нь туслаарай хэмээн зөвлөхүүддээ би одоо ч гэсэн хэлдэг. Тэр хүн худалдан авалт хийхгүй ч байж болно. Хамгийн гол нь зөвлөгөө сайн өгөөрэй гэдэг. Манай төвийн ажилчид одоо 13-уулаа болсон. 2001 онд би өөрөө ажилгүй, ажлын байр хайгаад явж байсан бол одоо нөхөртэйгээ хамтдаа хөдөлмөрлөсний хүчинд 11 хүнийг ажлын байраар хангаад ажиллаж байна. Өнгөрсөн онд аймгийнхаа “Хамгийн олон ажлын байр бий болгосон хамт олон”-оор шалгарсан.
-Бараа бүтээгдэхүүнээ өөрөө явж татдаг уу?
-Нэг үе байнга өөрөө явдаг байсан бол одоо юм хөгжөөд ихэвчлэн интернэтээр захиалдаг болсон. Хааяа л нэг явж байна.
-Энэ хугацаанд таны болон танай төвийн гаргасан амжилт гэвэл?
-2013 онд “Титэм” худалдааны төвийг байгуулсны дараа аймгаас “Шинэчлэлийн баатар” өргөмжлөлөөр шагнасан. 2010 онд би Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны “Топ women” шагналаар шагнагдсан. Мөн 2015 онд аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс “Хамгийн олон ажлын байр бий болгосон хамт олон”-оор шалгаруулсан бол Татварын хэлтсээс “Тэргүүний татвар төлөгч иргэн”-ээр өргөмжилсөн.
Одоо аймгийнхаа Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна. Мөн саяхан аймгийнхаа Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүнээр элссэн.
-Орон нутагт бизнес эрхлэх орчин нөхцөл, боломж хэр таатай байна вэ?
-Бизнесийн чиглэлийн янз бүрийн төсөл хөтөлбөрүүд их хэрэгждэг болсон нь сайн хэрэг. Төр засаг болоод аймаг орон нутгаас жижиг дунд үйлдвэрлэлд их анхаардаг юм шиг санагдсан. Худалдаа үйлчилгээний салбарт маш олон хүн ажиллаж амьдарч байгаа. Эдгээр хүмүүст чиглэгдсэн сургалт ховор байдаг. Үйлчилгээний байгууллагуудыг сургалт мэдээллээр хангах, шинээр үүссэн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллах тал дээр төрөөс анхаармаар байна.
Ер нь бол сүүлийн үед худалдаа наймаа эрхэлж байгаа хүмүүст янз бүрийн дарамт шахалт их ирж байна. Ард иргэдийн хэрэгцээт зүйлсийг хол ойроос дөхүүлээд ирж байгаа хүмүүсийг дэмждэггүй юмаа гэхэд элдэв дарамт шахалт багатай байвал зүгээр юм.
Манай компанийн хувьд орон нутагтаа нэг ч гэсэн ажлын байр бий болгоё, худалдааны төв ямар стандартын дагуу ажиллах ёстой юм тэр хэмжээнд ажлаа чанартай хийе гэж зорьж ажилладаг.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ