БНСУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 11 болжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-25 18:35:34

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д “COVID-19” коронавирусээр халдварласны улмаас гадаадын иргэн нас барсан анхны тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо 11 хүрсэн талаар тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Мөн мягмар гарагт 144 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт 977 хүнээс халдвар илэрсэн байна.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдэлд дурдсанаар, Монгол Улсын иргэн, 35 настай эрэгтэй Сөүл хотын захын эмнэлэгт нас барсан бөгөөд тэрбээр элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор БНСУ-д энэ сарын 12-нд ирсэн байжээ. Ингэснээр БНСУ-д мягмар гарагт коронавирусний халдварын улмаас 3 хүн нас барсан байна. "Нас барсан 11 хүний 7 нь Чондо хотын эмнэлэгтэй холбоотой болохыг тогтоосон" гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.


Өнөөдөр бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлуудын тоог өмнөх өдрийнхтэй харьцуулахад буурсан бөгөөд өчигдөр 231 шинэ тохиолдол бүртгэгджээ. Зүүн өмнөд нутгийн Дэгү хотын сүмд болон тус хоттой зэргэлдээ оршдог Чондо хотын эмнэлэгт халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм.



Мөн “Korean Air” агаарын тээврийн компанийн онгоцны үйлчлэгч коронавирусээр халдварласан талаар БНСУ-ын Засгийн газрын төлөөлөгч мягмар гарагт мэдээлжээ. Тэрбээр онгоцны үйлчлэгчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч БНСУ-аас Израил руу зорчсон сүмийн бүлэг гишүүнээс вирусний халдвар авсан байх магадлалтай аж. 

Холбоотой мэдээ