Японы эзэн хааны мэндэлсэн өдөр тохиож байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-02-23 12:17:06

ТОКИО. /TASS/. Өнгөрсөн оны тавдугаар сард хаан ширээнд заларсан Японы эзэн хаан Нарухито 60 насныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэж байна. Эзэн хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан хоёрдугаар сарын 23-ны өдрийг анх удаа үндэсний баяр болгон зарлажээ. Өмнөх хаан Акихитогийн мэндэлсэн өдөр буюу 12 дугаар сарын 23 амралтын өдөр байсан байна.


“Ард түмнийг нэгтгэдэг төрийн бэлгэ тэмдгийн хувиар миний зам дөнгөж эхэлж байна. Төрийн бэлгэ тэмдгийн хувиар үүргээ нухацтай биелүүлж, ард түмнийхээ талаар бодож, дэмжиж ажиллахыг хүсэж байна” гэж Нарухито баярын өмнө зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Японы эзэн хааны төрсөн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг олон нийтийн арга хэмжээг цуцалсан байна. Энэ шийдвэр коронавирусний халдвар тархсантай холбоотой юм. Одоогийн байдлаар Японд 769 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь хоёрдугаар сарын 3-нд Ёкохама хотын боомтод ирсэн “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүд юм. Коронавирусний халдвар илэрсний улмаас уг хөлөг онгоцыг хөл хорионд оруулсан билээ.


Эзэн хаан болон түүний гэр бүлийн гишүүдийн мэндэлсэн өдөр тэд Токио хотын төвд орших хааны ордны тагтан дээр хэд хэдэн удаа гарч, ард түмэнтэйгээ мэндчилдэг бөгөөд ордны өмнө олон арван мянган хүн цугладаг байна.


Хамгийн сүүлд ард түмэнтэйгээ мэндчилдэг энэхүү уламжлалыг өмнөх хаан Акихитогийн үед 1996 онд цуцалж байжээ. Тухайн үед Перу улсын Лима хот дахь Японы Элчин сайдын яаманд террористууд халдсантай холбоотойгоор ийм шийдвэр гаргаж байв. 


“Халдварын тархалт аль болох хурдан зогсоно гэж найдаж байна" хэмээн Нарухито хэлээд коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.


Японы эзэн хаан нийслэл Токио хотод нь удахгүй болох зуны Олимп болон Паралимпын наадмын талаар дурдсан байна. 1964 онд Японы нийслэлд болсон өмнөх Олимпын наадам түүний хувьд "дэлхий ертөнцтэй танилцсан анхны уулзалт" байсан гэж тэрбээр хэлжээ. “Энэ үйл явдлыг өөрийн нүдээр үзэх боломж олдсон нь миний дотор байгаа, одоо ч байсаар байгаа дэлхий даяар энх тайвныг хүсэх хүслийн минь эх сурвалж болсон гэж би боддог” хэмээн Японы эзэн хаан онцлон тэмдэглэсэн байна.


Нарухито мөн Олимпын наадмын үеэр олон залуус бусад орны ард түмний талаарх ойлголтоо гүнзгийрүүлж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.


Зуны Олимпын наадам Японы нийслэл Токио хотноо долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ны хооронд болох бол Паралимпын наадам наймдугаар сарын 26-нд эхэлж, есдүгээр сарын 6-ны өдөр хаалтаа хийнэ.

Холбоотой мэдээ