Сумын бичил бизнесийг 1.5 тэрбум төгрөгийн зээлээр дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-26 16:16:22

Сумын өрхийн бичил бизнесийг дэмжихэд зориулан Дундговь аймагт 1.5 тэрбум төгрөг хуваарилагдсан байна. Хөнгөлөлттэй зээлийн энэ эх үүсвэрийг 3 мянга хүртэлх хүн амтай 13 суманд тус бүр 75 сая, 5 мянгаас дээш хүн амтай Сайнцагаан, Эрдэнэдалай суманд тус бүр 300 сая төгрөгөөр хуваарилжээ.

Өнгөрсөн сард Аж үйлдвэрийн сайдын тушаалаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журмыг шинэчилсэн байна. Энэ журмаар төсөл сонгон шалгаруулах дэд хорооны дэмжсэн төсөлд олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс гадна сумын бичил бизнесийг дэмжихэд зориулан хөнгөлөлттэй зээл олгохоор тусгажээ. Дундговь аймгийн хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 2 тэрбум, сумын бичил бизнесийг дэмжихэд 1.5 тэрбум төгрөг зээлийн эх үүсвэр болж ийнхүү хуваарилагдсан гэдгийг  Аж үйлдвэрийн яамны жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ж. Мөнхбаяр хэлсэн юм.

 Сумын бичил бизнес эрхлэгч иргэний төслийг тухайн сумын жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн  хүлээн авч,  сум орон нутгийн арилжааны банкинд хүргүүлнэ. Банк нь төслийг судалж, санхүүжүүлэх шийдвэр гарсан төслүүдийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд ирүүлэх юм байна. Дундговь аймгийн хувьд сумд төслөө хүлээн авч дууссан, Хаан, Төрийн банк төслүүдийг судалж эхэлжээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ