Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-02-21 14:32:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И Ёо Хуныг өнөөдөр хүлээн авч уулзав. 


Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны түүхийг баяжуулан, иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийн төлөө хичээн ажиллана гэдэгт итгэж буйгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов. Түүнчлэн Монгол, Солонгос Улсын Засгийн газрын хэлэлцээр, хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн төслүүд амжилттай хэрэгжиж байгааг цохон тэмдэглээд дэмжин ажиллахыг хүслээ.


Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, стратегийн түвшинд хүргэхийн төлөө хичээн ажиллахаа Элчин сайд илэрхийлэв. Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусний дэгдэлтийн үед голомтот бүс нутгийн хил залгаа орон хэдий ч өнөөдрийг хүртэл нэг ч халдвар гаргуулахгүй, оновчтой шийдвэр, зохион байгуулалт хийж, ард иргэдээ өвчний халдвараас сэргийлж чадаж байгаа Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр бахархаж байна гэв.  Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа Солонгос иргэдийн эрүүл мэндийг аюулаас хамгаалж байна гэсэн юм.


2020 онд Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо.

Холбоотой мэдээ