В.Рэнцэндоржийг Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-02-21 12:23:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамжид өнөөдөр гарын үсэг зуржээ.


Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд энэ сарын 19-нд иргэн Б автомашиндаа нас барсан хэрэг гарсан. Говь-Алтай аймгийн Засаг даргын албан өрөөнд тус аймгийн удирдлагууд согтууруулах ундаа хэрэглэсний улмаас энэхүү хэрэг гарсан байж болзошгүй гэх мэдээллийг цагдаагийн байгууллага энэ сарын 19-нд нийтэд мэдээлж байв.



Харин өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэхдээ, “Ажлын байранд архидан согтуурахыг хориглох Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон тул хариуцлага хүлээлгэж байгаа. Өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Улмаар дараагийн Засаг даргыг томилох хүртэл үүрэгт ажлыг нь түр орлон гүйцэтгэхийг тус аймгийн Засаг даргын орлогчид үүрэг болгосон” гэлээ.


Харин иргэн Б нас барсан хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. 

Холбоотой мэдээ