БНСУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-02-20 20:49:51

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол пүрэв гарагт бүртгэгджээ. Мөн өнөөдөр уг вирусээр халдварласан 53 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр халдвар авсан хүний тоо 104 хүрсэн байна.


"Умард Гёнсан мужийн Чёндо хотын эмнэлэгт 20 гаруй жил хэвтэрт байсан 63 настай эрэгтэй уушгины хатгалгааны улмаас лхагва гарагт нас барсан" гэж Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. 


Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд 15 хүн халдвар авсан эмнэлгийн бүх өвчтөн, ажилтанд үзлэг хийх үеэр уг эрэгтэйг халдвар авсныг тогтоожээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь зүүн өмнөд нутгийн Дэгү хотод бүртгэгдсэн бөгөөд уг хот нь Умард Гёнсан мужтай зэргэлдээ оршдог юм. 


БНСУ-д энэ долоо хоногт коронавирусний халдвар авсан хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдсэн бөгөөд вирусээр халдварласан тохиолдлууд орон нутагт олноор бүртгэгдэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна.


Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Ким Кан Лип сэтгүүлчдэд мэдээлэхдээ, одоогийн байдлаар “COVID-19” вирус орон нутгийн хэмжээнд хязгаарлагдмал хүрээгээр тархаж байна гэжээ. Цаашид халдвар нэмж тархахаас сэргийлэх үүднээс хөл хорио тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тэрбээр нэмж хэлжээ.


Одоогийн байдлаар БНСУ-д вирусний халдварын тархалттай холбогдуулан түгшүүрийн улбар шар түвшинг /дээрээсээ гурав дахь/ тогтоогоод байгаа ажээ.


Өнөөдөр бүртгэгдсэн 53 шинэ тохиолдлын 51 нь Сөүлээс зүүн өмнөд зүгт 300 километр зайд оршдог Дэгү хотод болон Умард Гёнсан мужид илэрсэн бол үлдсэн хоёр тохиолдол нь Сөүл хотод бүртгэгдсэн гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.


Мөн дээр дурдсан 51 тохиолдлын 23-ыг мягмар гарагт халдвар авсан нь тогтоогдсон 61 настай эмэгтэйтэй /31 дэх өвчтөн/ холбоотой хэмээн үзэж байгаа бөгөөд уг өвчтөнийг сүмд хамт явдаг 40 орчим хүнд халдвар тараасан хэмээн таамаглаж байгаа аж. 


БНСУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, 31 дэх өвчтөнтэй хамт сүмийн 1000 орчим гишүүн мөргөл үйлдсэн байна. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв халдварын тархалтыг хязгаарлах үүднээс өөрсдийгөө тусгаарлахыг сүмийн гишүүдээс хүсжээ. Мөн Дэгү хотын захирагч Квон Ён Жин гэрээсээ гарахгүй байхыг 2.5 сая оршин суугчдаа уриалсан байна.


БНСУ-д пүрэв гарагийн байдлаар вирусний халдвар авсан байх магадлалтай хэмээн үзэж, хөл хорионд оруулсан хүний тоо 1860 хүрсэн бөгөөд уг тоон үзүүлэлт лхагва гарагт 1633 байжээ. БНСУ-д энэ сарын 3-наас хойш 13092 хүнээс коронавирусний шинжилгээ авснаас 11238-ынх нь хариу сөрөг гарсан байна. Үүнээс гадна халдвар авсан 16 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

Холбоотой мэдээ