“Take On Me” дуу 1 тэрбум хандалт авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-02-20 12:36:38

ВАШИНГТОН. /CNN/. Норвегийн алдарт “A-ha” хамтлагийн “Take On Me” дуу “YouTube” цахим хуудсанд 1 тэрбум хандалт авсан 1980-аад оны хоёр дахь дуугаар тодорсон байна.


1985 онд үзэгч сонсогчдын хүртээл болсон “Take On Me” дууны клипийг “YouTube” цахим хуудсанд 2010 оны нэгдүгээр сард байршуулжээ. Уг дуу 2020 онд өдөрт дунджаар 480 мянга орчим хандалт авсан гэж “YouTube” цахим хуудаснаас “CNN” сувагт мэдээлжээ.


“A-ha” хамтлаг энэ талаар “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдээд, энэхүү үйл явдлыг тохиолдуулан өөрсдийн нэрийн шинэ богино ханцуйтай цамцаа гаргасан тухайгаа мэдээлсэн байна.  


“Take On Me” дуу 1986 онд “MTV Music Awards” наадмаас 6 шагнал хүртэж, “American Music Awards” наадмын “Шилдэг поп/рок клип” шагналд нэр дэвшжээ.



Ташрамд дурдахад, “YouTube” цахим хуудсаар дамжуулан нэг тэрбум удаа үзсэн 1980-аад оны анхны дуугаар АНУ-ын “Guns N' Roses” хамтлагийн “Sweet Child O' Mine” дуу өнгөрсөн онд тодорсон юм.



Холбоотой мэдээ