Олборлох салбарын борлуулалт өмнөх оныхоос 43 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-18 18:00:19
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс  524.4 (43.9%) тэрбум төгрөгөөр буурчээ.


Үүнд нүүрсний борлуулалт 245.6 (51.7%) тэрбум төгрөгөөр, газрын тосны борлуулалт 25.2 (35.2%) тэрбум төгрөгөөр, хүдрийн борлуулалт 253.0 (40.0%) тэрбум төгрөгөөр, бусад ашигт малтмалын борлуулалт 542.6 (3.7%) сая төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлcөн байна.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүний 557.0 тэрбум төгрөг буюу 83.2 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 53.9 хувийг металлын хүдэр, 35.8 хувийг нүүрс, 8.3 хувийг газрын тос, 2.0 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. 


Энэ оны 1 дүгээр сард алт олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 13.3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт металл цувимал, шохой, баяжуулсан нүүрс, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.5 хувиас 7.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Б.Содгэрэл 
Холбоотой мэдээ