Эрчүүдийн нөхөн үржихүйд анхаарах цаг болсныг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-02-18 10:37:16
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/Сүүлийн нэг жилд түрүү булчирхайн хорт хавдартай арван иргэнийг оношиллоо. Тэдний дийлэнх нь 70-аас дээш насныхан байсан” гэж аймгийн Бүсийн Оношилгоо, эмчилгээний төв /БОЭТ/-ийн бөөрний мэс засалч, эрэгтэйчүүдийн их эмч Т.Оюунчимэг хэллээ.

Орхон аймагт эрэгтэйчүүдийн эмч дутагдалтай байсан тул ЭМГ-аас тус эмчийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж дэмжин ажилласан байна.

Үүнээс гадна БОЭТ-д эрэгтэйчүүдийн тасаг нээн ажиллуулж байна. Эрэгтэй хүүхдийг нялх байхаас нь бөөр, давсаг, төмсөгийг нь нарийн мэргэжлийн эмчид тогтмол үзүүлээгүйн улмаас 10-15 насны хүүхдүүд төмсөгний ямар нэгэн гажиг, эмгэгтэй өсч торниж байгааг эмч тодотгов.

Мөн залуучууд давсагны үрэвсэл, шээсний сүв хаагдах, бэлгийн замын халдварт өвчнөөс болж төмсөг нь үрэвсэх зэрэг олон төрлийн өвчнөөр өвчилж байгааг онцоллоо.

Эрчүүд эмчид хандахдаа хойрго байдаг нь өвчнийг хүндрүүлж улмаар хорт хавдртай болсон хойноо эмнэлэгт хандаж байна гэлээ. Иймд эрчүүдийн нөхөн үржихүйн асуудалд аймаг орон нутаг гэлтгүй улсын хэмжээнд анхаарч мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хөдөө орон нутагт ажиллуулах шаардлагатай байгаа аж. 

Холбоотой мэдээ