“Хүүхэд хүүхэддээ зөвлөгч” сайн туршлага шилдгээр шалгарчээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-04-25 17:55:54

Завханд хүүхдийн оролцооны байгууллагуудын туршлага солилцох уулзалт зөвлөлгөөн боллоо. Жил бүрийн дөрөвдүгээр сард Хүүхдийн оролцооны байгууллагууд уулзаж сайн туршлагаасаа харилцан суралцдаг байна.

Энэ жилийн зөвлөлгөөнд Улиастай сумын сургуулиудын хүүхдийн оролцооны байгууллагуудаас гадна Шилүүстэй сумын ХОБ, идэвхитэн суралцагч 40 гаруй хүүхдүүд оролцож туршлага солилцлоо.

Зөвлөлгөөнөөр ХОБ-ууд өөрсдийн 10 гаруй сайн туршлагыг бусадтайгаа хуваалцаж үр дүнгээ хэлэлцсэний дээр цаашид анхаарах асуудлаа ч ярилцсан байна. Тухайлбал хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр хүүхдийн оролцооны байгууллага болон тэдний оролцох хөгжих боломж нөхцлийг томчууд, багш, эцэг эхийн зүгээс дэмждэггүй, хичээлээс гадуур чөлөөт цагаа өнгөрүүлэх газар орчин байдаггүй гэх мэт олон асуудалд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд нэн тэргүүнд хүргэх тухай энэ үеэр онцолжээ.

Мөн зөвлөлгөөний үеэр аймгийн ХГБХХ-ийн мэргэжилтэн Э.Дэчинсодномын эмхэтгэн гаргасан "Амжилтын хөтөч" Хүүхдийн оролцооны байгууллагад зориулан гаргасан гарын авлагыг тарааж хүүхдийн оролцооны байгууллагуудын дунд зарласан "Гэрэлт нөхөрлөлийн гэгээлэг нийгэм" аяныг үр дүнтэй зохион байгуулсан ХОБ-уудыг шагнаж урамшуулжээ. Энэ жилийн сайн туршлагаар “Хүүхэд хүүхэддээ зөвлөгч” сайн туршлага шилдгээр шалгарчээ.

Өнөөдөр Завхан аймагт 25 ХОБ үйл ажиллагаа явуулж үе тэнгийнхээ хүүхэд багачуудын сурах таатай орчин, эрүүл мэнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдүүдэд тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэн дээд шатны байгууллагуудынхаа удирдлаган дор амжилттай ажиллаж байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ