АНУ “Diamond Princess” хөлөг онгоцон дээрх иргэдээ нүүлгэн шилжүүлжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-02-17 09:44:06

ТОКИО. /Kyodo/. Японы Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо хөл хорионд орсон “Diamond Princess” хөлөг онгоцон дээрх АНУ-ын 400 гаруй иргэнийг даваа гарагийн өглөө нүүлгэн шилжүүлсэн байна. 


Хонконгийн 80 настай оршин суугч уг хөлөг онгоцоор зорчиж, Хонконгт буусны дараа түүнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан Японы Засгийн газар уг онгоцыг хөл хорионд оруулсан юм.


“Хөлөг онгоцон дээр байсан АНУ-ын иргэдийн дундаас 44 хүний коронавирусний шинжилгээ эерэг гарсан” гэж АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Энтони Фаучигийн мэдээлснийг “The Washington Post” сонин иш татан уламжилжээ.


“Коронавирусний халдвар авсан америкчууд Японы эмнэлэгт хүргэгдсэн бол нүүлгэн шилжүүлж буй иргэдийг 14 хоногийн турш хөл хорионд оруулна” гэж Э.Фаучи “CBS” сувагт мэдээлсэн байна.


Мөн Канад, Хонконг, Израилын Засгийн газар Япон руу тусгай нислэг үйлдэж, “Diamond Princess” хөлөг онгоцон дээр байгаа иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. Уг хөлөг онгоцон дээр байсан 355 хүнээс коронавирусний халдвар илэрсэн бөгөөд одоогийн байдлаар хөлгийн тавцан дээр 3 мянга орчим хүн байгаа ажээ. 

Холбоотой мэдээ