Отрын бэлчээрээс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-02-16 13:26:06

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь бол 1944 оны мичин жилийн зудны их шуурганд уруудсан монгол орны Төв, Хэнтий, Дундговь, Дорноговь, Сүхбаатар зэрэг олон аймгийн 70 гаруй мянган адууг хил давуулалгүй тогтоон барьж байсан түүхтэй нутаг. Дорноговийг адууны бэлчээр сайтай, адуунд зохицсон нутаг ч гэж малчдын зарим нь ярих.

Монгол даяар зартай хурдан хүлэгтэй гэх Хэнтийн Галшар, Сүхбаатарын Түвшинширээ зэрэг хурдны өлгий нутагтай хил залгадаг  учир өөрийн гэсэн хурдны угшилтай, морьтны соёлыг дэлгэрүүлж яваа малч түмэн юм.  

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг Цагаан дэл, Төгрөгийн урд зоо гэх нутаг хэдийнээс адуунд ээлтэй гэж нутгийн малчид ярьдаг.

Гадны аймгийн малчид олон мянган адуутайгаа оторлож буй талаар сонсож зорьсон юм. Биднийг очиход мянга гаруй адуун сүргийг газар газраас ирсэн адуучид нийлэн адгуулж байлаа.

Адуу бол урт холын бэлчээртэй амьтан. Оройн нар шингэх үед ойрхон бэлчээрт байсан адуу шөнөдөө 40-50 км газарт бэлчээрийн сайхныг хөөгөөд явчихдаг онцлогтой.  


-Энд Дорноговь Өвөрхангай, Дундговь, Төв, Говьсүмбэр аймгийн малчдын нийлсэн нийт 10 гаруй мянган адуу отроор өвөлжжээ.

Мөн Айраг, Мандах, Сайхандулааны зааг нутгаар оторчид  их цугларч,  олон мянган адуу өвөлжсөн тухай малчид ярив. Тэдний зарим нь нутаг буцах дөхжээ.

 

Ш.Ганбат: Олон аймгийн отрын малчдын хамт ахан дүүс болж сайхан өвөлжлөө



Жил бүр айл өвөлжиж нутаглаад байдаггүй зэлүүд нутагт энэ удаа цас ихтэй, ус сайтай сайхан өвөл болж байна.

Дорноговийн адуу дээр үеэсээ л хурдтай Гал шар, Цэцэн ханы наадамд түрүүлж, айрагддаг, өргөн олонд зартай, өөрийн гэсэн угшилтай, наадмаас наадам дамжин  ярьж, хүүрнэх түүхтэй явж ирсэн хэмээн Айраг сумын харьяат, аймгийн алдарт уяач Шархүүгийн Ганбат ярьсан.

Тэрээр хот хөдөөтэй нэгэн. Сайншанд суманд бэлчээр усны хүрэлцээ муутай учир мал сүрэг маань Айраг сумандаа  бэлчээрлэж байна. Энд нутгийн  болон газар газраас ирсэн отрын малчдын хамт өвлийг өнөтэй давлаа гэв.

Ганбат Айраг сумын “Долоон хонгор“ уяачдын холбооны тэргүүн бөгөөд нутгийн уяачидтайгаа хамтарч “Нутгийн унага” уяаг ахалдаг аж. Ноднин “Долоон хонгор” уяачдын холбоо аймгийн шилдэг холбоо болж байсан бол энэ жил Дорноговь аймгийн шилдэг “Гал уяа” болжээ.

Энэ өвөл газар газраас цугларсан отрын малчид хамтран өнгөрсөн нэгдүгээр сард Айраг суманд хоёр ч удаа адуучдын тэмцээн зохион байгуулж морьтны соёлыг сурталчилж, адуун сүргийнхээ шандсыг сорьсон байна.

Тус суманд отроор өвөлжиж байгаа Өвөрхангай аймгийн Сант сумын малчин Санжаагийн Дамдиндоржтой бэлчээрийн захад цөөн хором хөөрөлдсөн юм.


С.Дамдиндорж:Айраг суманд бэлчээр сайхан байна гэж хүнээс дуулаад л наашаа зүтгэсэн   


-Сайхан өвөлжиж байна уу, шинэ нутаг зохиж байна уу?


-Сайхан өвөлжиж байна. Манай сум өнгөрсөн жил зуншлага тааруу байлаа. Нутгийнхан  маань тал тал тийшээ өвсний сайн, бэлчээрийн сайн, усны тунгалагийг бараадаж нүүцгээсэн. Урагшаа Өмнөговь,  зүүн хойшоо Булган гээд оторт гарсан. Цасгүй хэдий ч бэлчээргүй учраас мал идэшгүй хэцүүхэн л байсан.


-Нутгаасаа гараад удаж байна уу?


-Манай хот айлын гурваас дөрвөн өрх 2000 гаруй бог мал, 400 гаруй адуутай өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд гэрээсээ гарч 12 дугаар сарын 04-нд буюу сар гаруй малаа хөлөөр нь тууж Айраг суманд ирсэн.

Нутгийн ахан дүүсийн дайвар адуу, мал ч байна. Айраг сум бэлчээр сайтай, сайхан байна гэж хүнээс дуулаад л наашаа зүтгэсэн.

Хүн танихгүй газар эрэл сурал болсоор сар гаруй нүүж сууж энэ нутагт ирсэн. Эхлээд нутгийнхныг танихгүй байлаа. Дараа нь таньдаг  болж ахан дүүс боллоо. Малын буян цаглашгүй юм. Энд отрын жаргалыг эдэлж байна.


-Нутаг руугаа хэзээ буцах вэ?


-Одоо мал төллөх дөхөж байна. Нутаг сэлгээд нүүж сууж байгаад л малаа тэнхрүүлж аваад л буцна гэв.  Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын малчин Наранцэцэгийн Дэлгэрбилэгтэй уулзлаа.


Н.Дэлгэрбилэг: Бог мал төллөх дөхөж байгаа тул тэнгэрийн байдлыг ажиглаж нүүж сууна 


-Өвөлжөө тавтай сайхан уу, энд их олон адуу цугларсан байна?


-Шинэ нутаг ус маань зохиж отор нүүдэл ч сайхан байна. Бид өнгөрсөн оны 12 дугаар сарын 19-нд нутгаасаа гараад 12 дугаар сарын 26-нд Айраг сумын нутагт ирсэн.

Мянга гаруй малаа туугаад ам бүл тавуулаа ирсэн. Араас нутгийн адуучид, нутгийн дүү нар ирээд бүл нэмэгдэж л байна.

Айраг сумын залуус, малчидтай ах дүү бололцож өнөтэй сайхан өвөлжиж байна. Хавар ямар болохыг бид мэдэхгүй. Цас ханзарч урин дулааны цаг ирж байна.

Бод малаа цагаан сарын өмнөхөн буцаах төлөвтэй. Харин бог мал төллөх дөхөж байгаа тул тэнгэрийн байдлыг ажиглаж хаана боломжтой байна тийшээ нүүж сууна.


-Танай нутагт зуншлага тааруу байсан гэж сонссон? Олон малчид отроор ирэв үү?


-Манай нутаг зуншлага тааруу байлаа. Долоон сарын сүүлчээр жаахан чийг унасан. Ноднингийн бага зэрэг хур тунадасны чийгээр жаахан ногоо идсэн.

Үүнээс хойш ногоо залгаагүй, намрын тарга ч авч чадаагүй, тэгээд л отор нүүдэл эхэлсэн. Би 1998 оноос 2009 он хүртэл тасралтгүй адуу маллаж явлаа. Отор нүүдэл хийж байгаа малчдын зовлон адил юм даа. Энд тэндээс нэг нэгнийхээ талаар сураг  ажиг тавиад л хүрээд ирдэг. Хэдэн мал нь онд мэнд орж байвал бидний жаргал тэр юм гэв.

Холбоотой мэдээ