АНУ-ын эрх баригчид “Huawei”-г дахин буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-14 11:58:45

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн компаниудын технологийн хөгжүүлэлтийг луйврын замаар эзэмшихийг оролдож байна хэмээн АНУ-ын Холбооны эрх баригчид Хятадын “Huawei” компанийг дахин буруутгажээ.  


АНУ-ын Хууль зүйн яам тус компанийг дахин буруутгасан дүгнэлтээ танилцуулжээ. Тодруулбал, “Huawei” компанийг буруутгасан дүгнэлтдээ шинэ зүйл оруулсан байна. Эрх баригчдын үзэж байгаагаар, “Huawei” болон тус компанийн охин компаниуд үгсэн тохиролцож, Америкийн компаниудын өндөр технологийг эзэмших зорилгоор луйвар үйлдэж, хуульт зөрчсөн хэмээн эрх баригчид үзэж байгаа аж. Түүнчлэн үүнд “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоу холбоотой хэмээн үзэж байна. Тэрбээр АНУ-ын эрх баригчдын хүсэлтээр 2018 оны 12 дугаар сард Канадад баривчлагдсан юм.


АНУ-ын Хууль зүйн яамны цахим хуудасны мэдэгдэлд дурдсанаар, “Huawei” болон АНУ, Хятад дахь түүний охин компаниуд хэдэн арван жилийн турш 6 технологийн компанийн оюуны өмчийг эзэмшихийг оролдсон гэжээ. Тодруулбал, интернет чиглүүлэгчид, антен, роботжуулсан системтэй холбоотой хөгжүүлэлтийн талаар яригдаж байгаа аж. “Huawei” болон түүний охин компаниуд бусад компанитай мэдээллийг задруулах тухай хэлэлцээрийг зөрчиж, тус компаниудын ажилтнуудыг урьж, тэднээс нууц мэдээлэл авсан хэмээн үзэж байна.


Huawei” компанийн худалдааны нууц агуулсан мэдээлэл болон өндөр технологийн бусад мэдээллүүдийг хулгайлах оролдлого нь амжилттай болсон" хэмээн АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдэлд дурджээ. Дээрх үйл ажиллагааны талаар “Huawei” компанийн ажилтнууд АНУ-ын мөрдөн байцаагчдад худал мэдээлэл өгсөн хэмээн буруутгасан дүгнэлтэд мөн дурдсан байна.  


Түүнчлэн БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг “Huawei” компани зөрчсөн гэх шинэ мэдээллийг шүүхэд танилцуулснаа Хууль зүйн яам онцлон тэмдэглэжээ.


АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгчид 2019 оны 1 дүгээр сард Нью-Йорк “Huawei” болон түүний охин компаниудыг санхүүгийн луйвар үйлдсэн, мөнгө угаасан, Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн хэд хэдэн хэрэгт буруутгажээ.


Тухайн үед эрх баригчид мөн “Huawei” компанийн охин компаниудыг Америкийн “T-Mobile” компанийн ашиглаж байсан ухаалаг гар утаснуудын янз бүрийн системийг турших зориулалттай автоматчлагдсан төхөөрөмжийн талаарх мэдээллийг хууль бусаар олж авахыг оролдсон хэмээн буруутгаж байсан аж.


Хятадын ухаалаг гар утасны тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг “Huawei” компани энэ бүхнийг өмнө нь няцаасан юм. 

Холбоотой мэдээ