Хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтэрсэн тухай мэдээлснийг “Huawei” няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-13 13:54:57

МОСКВА. /TASS/. Үүрэн холбооны хэрэглэгчдийн мэдээлэлд 10 жилийн хугацаанд нууцаар нэвтэрсэн байж болзошгүй тухай “The Wall Street Journal” сонины өмнө нь мэдээлснийг Хятадын харилцаа холбооны “Huawei” компани няцаажээ.


“Huawei” компани харилцаа холбооны сүлжээнд хэзээ ч нэвтэрч байгаагүй бөгөөд нэвтрэхгүй. АНУ-ын Засгийн газар манай компанийг буруутгаж байгаагаа нотолж чадахгүй байгааг “The Wall Street Journal” маш сайн мэдэж байгаа хэдий ч эрх баригчдын тараасан худал хуурмагийг давтсаар байна. Манай компани хэрэглэгчдийн мэдээлэлд нууцаар нэвтрэх боломжтой төхөөрөмж үйлдвэрлэж байгаагүй” хэмээн “Huawei” компанийн мэдэгдэлд дурджээ.


Өмнө нь “The Wall Street Journal” сонин “Huawei” компани 10 орчим жилийн хугацаанд хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд нууцаар нэвтэрсэн тухай мэдээлсэн юм. 


АНУ-ын мэдээлэл-харилцаа холбооны дэд бүтцийг гадаадын аюул заналаас хамгаалах зорилгоор онц байдал тогтоох тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны тавдугаар сарын 15-нд гарын үсэг зурсан юм. Үүнтэй холбогдуулан тус улсын Худалдааны яам “Huawei” компанийг "үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна" гэж үзэн тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хар жагсаалтад оруулсан. Хожим нь “Huawei” компанид 90 хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа сэргээхийг Худалдааны яам зөвшөөрсөн бол зөвшөөрлийн үйлчлэх хугацааг 8 дугаар сарын 19-нд болон 11 дүгээр сарын 18-нд тус бүр 90 хоногийн хугацаатайгаар сунгасан байна. 

Холбоотой мэдээ