Коронавирусний халдварын далд үе ховор тохиолдолд 24 хоног үргэлжилдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-02-11 14:26:00

БЭЭЖИН. /China Daily/. Шинэ төрлийн коронавирусний халдварын далд үе ховор тохиолдолд 24 хоног үргэлжлэх боломжтой болохыг Хятадын эрдэмтэд тогтоосон байна. Хятадад коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас 1000 гаруй хүн нас барсан юм. 


“Бид коронавирусний халдварын далд үеийн дундаж хугацаа 3 хоног үргэлжилдгийг тогтоосон” гэж Хятадын Засгийн газраас коронавирусний халдварыг хянах зорилгоор байгуулсан мэргэжилтнүүдийн ажлын хэсгийн эрдэмтэн Жун Наньшань мэдээлжээ. Өмнөх судалгаануудад энэ хугацааг 5.2 хоног хэмээн тогтоогоод байжээ.


Мэргэжилтнүүдийн судалгааны багийн гишүүн Гуань Вэйже даваа гарагт ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, коронавирусний халдварын далд үе “маш ховор” тохиолдолд 24 хоног хоног үргэлжлэх боломжтой бөгөөд халдвар авсан байх магадлалтай хүмүүсийн тусгаарлах хугацааг сунгах шаардлагагүй гэжээ.


Уг судалгааг Хятадын 552 эмнэлэгт эмчлүүлж буй 1099 коронавирусээр халдварласан өвчтөний сорьцод үндэслэн хийсэн байна.


Судалгаанд оролцсон хүмүүсийн дундаж нас 47 байсан бөгөөд тэдгээрийн 2.09 хувь нь эмнэлгийн ажилтнууд, 43.95 хувь нь Ухань хотын оршин суугчид байсан бол тэдгээрийн дөрөвний нэгийг Ухань хотод очиж байгаагүй, тус хотын оршин суугчидтай уулзаж байгаагүй хүмүүс эзэлжээ.

Холбоотой мэдээ