Ш.Мөнхдүүрэн: Мал эмнэлгийн үйлчилгээг судалгаа, шинжилгээнд тулгуурлан явуулна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-02-10 12:46:11
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаа, 2019 онд тус байгууллагаас хийсэн судалгаа, шинжилгээний ажил, түүний үр дүн, мал эмнэлгийн салбарт гарч байгаа өөрчлөлт, шинэчлэл, малын өвчлөл, малчдын анхаарах асуудлын хүрээнд аймгийн Мэл эмнэлгийн газрын дарга Ш.Мөнхдүүрэнтэй ярилцлаа.


-Дундговь аймгийн Мал эмнэлгийн газар өнгөрсөн онд АНУ-ын Канзасийн их сургуулийн судлаачидтай хамтраад судалгаа, шинжилгээний ажлуудыг хийжээ. Энэ судалгааны ач холбдогдол, үр дүнгийн талаар танилцуулна уу, өмнө нь ийм судалгааны ажил хийж байсан уу?

-Манай Мал эмнэлгийн газар өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлээд бие даасан газар болоод үйл ажиллагаагаа явуулж байна. Мэл эмнэлгийн ажил үйлчилгээний хувьд чиг үүргээ хэрэгжүүлээд явахын зэрэгцээ мал эмнэлгийн лабораторийг тохижуулах, байгаа нөөц, бололцоогоо ашиглаад орон нутгийн хэмжээнд нэн шаардлагатай судалгаа шинжилгээнүүдийг эндээ  хийж эхэлсэн.

2019 онд Америкийн Канзасийн их сургуулийн судлаачидтай хамтраад Өлзийт сумын Буянт багт шүлхийн халдвар илрүүлэх болон “мерс корона” гэж ярьдаг, тэмээний мерсийн корона вирус, түүний халдварыг тандах ажлыг явуулсан. Өөрөөр хэлбэл 100 орчим тэмээн дээр хээрийн судалгааны ажил хийсэн.

Энэхүү судалгааны ажлыг хийхэд Канзасийн их сургуулиас дөрвөн судлаач ирж, манай лабораторийн судлаачид хамтраад аймагт байдаг хөдөлгөөнт лабораторид аймгийн төвөөс 270 орчим км-т хээрийн судалгаа хийлээ.

Хөдөлгөөнт лаборатори гэдэг улсын хэмжээнд тав л байгаа юм. Монгол мал хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймагт нийлүүлсэн байдаг. Мал амьтны гоц халдварт өвчин, мал амьтны шалтгаан тодорхойгүй хорогдлын үед газар дээр нь очиж, хээрийн нөхцөлд оношилгоо хийх зориулалттай ийм лаборатори байгаа юм. Энэ лаборатори ирээд 5, 6 жил болсон байх, өмнө нь огт ашиглаагүй байсан.

Энэ лабораторийг анх удаагаа ашиглаад хээрийн нөхцөлд тог цахилгааныхаа асуудлыг шийдээд, дотроо шүүлтүүр, агаарын урсгал, гэрэлтүүлэг, дотор нь суурилуулсан багажуудын хэвийн ажиллагааг хангаад үр дүнг нь үзлээ. Ер нь бол шаардлагатай үед хэвийн ажиллах боломжтой юм байна гэж үзэж байгаа. Дараа нь уг вирусийг тандах үйл ажиллагааны хүрээнд шинжилж үзээд тэмээнд “шүлхийн вирус” илрээгүй гэсэн дүгнэлтийг хийж байгаа.

Мэдээж хамтын ажиллагааны хүрээнд хөдөө лабораториос гадна түүнд ашиглах эм, урвалж, багаж, болж өгвөл сүүлийн үеийн багаж, оношлуурыг ашигласан.

Ер нь мал эмнэлгийн оношилгооны чиг хандлага бол сүүлийн үед их хөнгөвчилсөн, цаг хугацаа хэмнэсэн, аль болох хүний оролцоо буюу ажиллагаа багатай байхад чиглэж байгаа. Тиймээс генийн түвшинд илрүүлэх тэр багажийг ашиглаад тэмээний цус, хамарнаас арчдас авч, түүнээсээ тухайн өвчний вирусний RNH-г ялгаад тэгээд лабораторид шинжилж үзсэн юм.

Энэ судалгаа маань тэмээн дээр мөн корона вирусний тандалт хийсэн ажил байсан.  2011 онд Саудын Арабт энэ вирус нэг бөхтэй тэмээнд илэрсэн байдаг. Энэ вирусээр хүн өвчилсөн тохиолдол бас байгаа. Тиймээс тэмээний хувьд эрсдэлтэй гэсэн ангилалд орчихсон, энэ тандалтыг хий гэдгийг манай Эрүүл мэндийн байгууллагаас байнга зөвлөж байгаа.

Тэгээд Казахстанд тохиолдол байгаа. Хятад улсын хойд талд байхыг үгүйсгэхгүй. Тэгээд манай улсын хувьд говийн бүсдээ тэмээтэй. Тиймээс тандаж, судалж, шинжилж байхад гэмгүй. Тэгэхээр энэ судалгааг цаашдаа ч гэсэн байнга хийж, тандалт явуулна гэсэн үг. 

-Өмнө нь тэмээний шүлхий өвчин гарч байсан юм уу, яагаад заавал Өлзийт сумын Буянт багт энэ судалгааг хийсэн бэ?

-Энэ бол ерөнхийдөө тандалтын ажил. Тэгэхдээ 2017 онд Өлзийт сумын Буянт баг бол шүлхийний халдвар илэрч байсан газар байгаа юм. Нэгд бол шүлхийгээ үзэж байгаа юм, хоёрдугаарт оношлуур, багажнуудаа хээрийн нөхцөлд туршиж байгаа юм. Манай энэ лаборатори хөдөө, хээрийн нөхцөлд оношилгоо хийхэд болж байна уу, үгүй юу гэдгийг туршсан гэсэн үг.

Уг урвал маань өөрөө цэвэр орчныг шаарддаг, орчны бохирдол орох магадлалтай учраас бохирдолтой урвал явагдвал хуурамч эерэг, сөрөг дүгнэлт гарах магадлалтай. Тэгэхээр манай энэ хөдөлгөөнт лаборатори бол ямар ч бохирдол орохооргүй нөхцөлийг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог юм.

Тэгэхдээ 2017 онд тэмээний вирус гарч байсан, түүнээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн болохоор вирус байхгүй байх магадлал өндөр л дөө, гэхдээ тандан судалсны буруу гэж байхгүй. Лаборатори, оношлуураа туршаад үзчихэж байгаа юм.

-Хэрэв малын ямар нэг гоц халдварт өвчин гарвал түүнийг эндээ шинжлээд, оношийг нь тогтоох боломж нөхцөл ямар байдаг юм бэ, хээрийн лабораториас гадна суурин лабораторийн хүчин чадал нь ямар вэ?  

-Манай аймгийн суурин лаборатори бол сүлжээ, толгой лаборатори нь төв лаборатори байж байдаг. Хэрвээ гоц халдварт өвчин гарвал энэ өвчний вирустэй ажиллах нөхцөлийн түвшний лаборатори бол аль ч аймагт байхгүй. Зөвхөн төв лабораторид дээжийг нь илгээж оношлуулах журамтай.

Тэгэхдээ техник,технологи хөгжиж байгаагийн хэрээр шууд оношоо тавих боломжтой болчихсон. Тиймээс шүлхий ч юмуу, гоц халдварт өвчний эхний оношийг эндээ тавина. Тэгэхдээ төв лаборатори руугаа дээжийг нь явуулж баталгаажуулах шаардлагатай.

Бүр цаашилбал дэлхийн лаборатори руу явуулдаг. Журам нь ийм юм.

-Манай аймгийн хувьд 2019 онд малын өвчлөл ямар байв, ер нь ямар өвчин зонхилж гардаг вэ?

-Аймгийн тухайд бол “галзуу”өвчин өнгөрсөн онд нэлээн гарлаа. 2020 онд ч мөн гарах хандлагатай байна. Одоогийн байдлаар он гарсаар гурван тохиолдол гарчихаад байна. Адаацаг, Луус, Хулд суманд нохой, үнэг галзуурсан байгаа.

Мөн “гоц” гэхгүй, халдварт өвчин, тухайлбал, “дотрын халдварт хордлого” болон цусан халдварт өвчин гарч байгаа. Энэ нь бусад малыг ужиг явцтайгаар өвчлүүлдэг. Гоц халдварт өвчин шиг айхтар шинж тэмдэг илэрч, халуурч, олон тооны мал хамруулахгүй ч гэсэн сүргийн түвшинд нэг хоёроор эсвэл гурав, дөрөв, таваар ч байдаг юм уу, ингэж хорогдоод байдаг өвчин. Энийг халдварт өвчин гээд байгаа юм. Дотрын халдварт өвчин, шөвөг яр гэх мэтчилэн.

Бүтэн жилээр аваад үзэхлээр энэ халдварт өвчин, шимэгч өвчнүүд бол тухайн малчин өрхдөө тодорхой хэмжээний эдийн засгийн хохирол учруулдаг. 2019 оны байдлаар энэ өвчнөөр 3000 орчим мал хорогдсон. Энэ бол лабораторид ирж байгаа мэдээгээр шүү дээ. Аймгийн хэмжээгээр халдварт өвчний гаралт өмнөх оныхоос буурсан, гэхдээ л гараад байна.

Өмнө нь иймэрхүү мэдээг сумдад байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийнхээ мэдээлснээр авдаг байсан бол өнгөрсөн оноос зөвхөн лабораторид оношлуулж, онош нь баталгаажсан тохиолдолд л өвчилсөн гэж үздэг болсон. Тэгж оношилж байж л хариу арга хэмжээ, вакцинаа төлөвлөх, хязгаарлалт тогтоох ч гэдэг юм уу, шийдвэрээ гаргана.

-Энэ халдварт өвчнөөс хэрхэн яаж урьдчилан сэргийлдэг вэ? Танай байгууллага тухайлан яг ямар үйл ажиллагааг явуулж байна?

-Манай байгууллагын хувьд найм, есөн төрлийн вакцин тарьж байгаа. Вакцинаа хуучин гардаг өвчний тархалтын судалгаанд үндэслээд захиалж авдаг. Тэгээд тэр өвчнөөс сэргийлээд үндсэндээ дөрөвдүгээр сарын нэгнээс эхний шөвөг ярын вакцинжуулалт хийж эхэлдэг. Шөвөг яр бол говийн бүсэд зонхилон гардаг. Тэгээд графикт хугацааныхаа дагуу бусад вакцинаа тарьдаг.

Тухайн өвчин гардаг сум, багийнхаа малыг вакцинд хамруулдаг учраас бүх малд хийдэггүй. Өнгөрсөн жил шөвөг ярын вакциныг л гэхэд 500 мянган төлийг өвчний гаралтаас сэргийлж тарьсан. Тэгээд тав, зургаан сард ногоо, цагаа дэлгэрэх цагаар гардаг бактерийн хордлого буюу дотрын халдварт хордлого, цусан халдварт гээд өвчнүүд байгаа. Тэр өвчнүүдээс амжиж тарьж байж л сэргийлж байгаа юм. Ийм төрлийн өвчин гарсан тохиолдолд богино хугацаанд оношлоод, бусад хариу арга хэмжээг авдаг. Туулгалт өгөх, отор нүүдэл хийж, газар нутгийг сэлгэх замаар малын хорогдлыг бууруулна. Хамгийн гол хамгаалалт бол вакцинжуулалтаар сэргийлэх ажил байж байгаа.

-Өвчлөл буурч байна уу, урьдчилан сэргийлэх ажлын үр дүн ямар байна вэ?

-Өвчлөл буурах, ихсэх асуудал бол биологийнхоо онцлогоор л явагдаж байгаа гэж хэлж болно.

Нэг хэсэг өвчний хувьд мал, амьтны бие дотор мөнхийн байдаг үүсгэгчүүд байгаа. Энэ бол ямар нэг зүйлээс, хаа нэгтэйгээс гэнэт бий болчихож байгаа зүйл биш. Тийм болохоор өвчлөл ихэслээ, буурлаа гэдэг дээр болгоомжтой хандах хэрэгтэй .

Өөрөөр хэлбэл малынхаа биед байж байдаг, мэргэжлийн хэлээр ярих юм бол нөхцөлт эмгэг төрүүлэгч гэдэг зүйл. Тэр дотрын халдварт хордлогоор өнгөрсөн жил 2000 орчим хонь оношлогдсон гэхээр аймгийн хэмжээгээр тийм хэмжээний мал хорогдсон. Тэгэхээр эдгээр малын хувьд тухайн цаг уурын, арчилгаа маллагааны нөхцөлөөс үүдээд тухайн үүсгэгч идэвхжиж байгаа юм. Тухайн дотрын халдварт хордлогын үүсгэгч бол малын нарийн гэдсэнд байж байдаг. Түүнд таанын хүчтэй цочрол буюу сонгинолог ургамлын хүчтэй нөлөөллийн улмаас үүсгэгч нь идэвхжиж, нөгөө тав байсан бактери маань хэд дахин үржээд, тэгээд ихэнх бактер нь токсин ялгаруулдаг. Энэ нь малын цусанд ороод малыг хордлогод оруулж, үхүүлж байгаа юм. Манайхан ногооны хордлого гэж ярьдаг.

-Вакцин тарьсан малын мах, сүүг хэрэглэлээ, болно, болохгүй гэж ярьцгаадаг, энэ хэр зэрэг үндэслэлтэй вэ, ер нь вакцин тарьсан малын мах сүүг хэд хоногийн дараа хэрэглэх вэ?

-Ер нь ард иргэдийн дунд хүндээр хүлээж авах, хүндрүүлж ойлгох явдал байдаг. Анх хорьдугаар зуунд 2000 он хүртэл вакциныг химийн бодисын хольцтой ч гэдэг юм уу, химийн нөлөөгөөр үйлдвэрлэдэг байсан. Сүүлийн үед дэлхий нийтээрээ вакциныг аль болох аюулгүй, чанартай, идэвх нь өндөр байдлаар гаргаж байгаа. Тэгэхээр вакцины хувьд гол зарчим нь тухайн өвчин болгоны үүсгэгчээс авч, үржүүлээд буцаагаад малд нь тарьчихаж байгаа юм.

Тухайлбал, шүлхийнээс сэргийлэх вакциныг шүлхийний вирусний эмгэг төрүүлэх өчүүхэн хэсгээс нь аваад тэгээд л тэрийгээ үйлдвэрийн нөхцөлд олшруулаад, малыг түүгээрээ тарьсан нөхцөлд өвчлүүлэхгүй, дархлаа төрүүлэх тун хэмжээгээр хийж байгаа гэсэн үг.

Тэгэхээр вакцинтай малын мах идэх нь аюултай гэж хүмүүс ойлгоод байдаг. Тэгэхээр вакцин өөрөө ялгаагүй л байгалийн бүтээгдэхүүн.

Зарим вакцины хувьд онцын нөлөө байхгүй. Вакцин болгоны заавар өөр өөр байдаг. Тэрийг манай малчид ч гэсэн мэдэж байх шаардлагатай.

Вакцин тарих үед малын биед механик гэмтлүүд үүсдэг. Мэдээж зүүгээр тарьж байгаа учраас хүзүүний булчин гэмтэх ч байдаг юм уу, бохир ордог ч юм уу, тийм зүйлээс болоод тэрүүхэн хавьдаа буглаа үүсэх тохиолдол бий. Зарим тохиолдолд тэр нь архагшдаг ч юм уу, малыг нядлах үед тэр буглаа нь байж байхлаар вакцины талаар иргэд буруу ойлголттой болдог.

Болгоомжлох асуудал бол вакцинаас илүү ивомек, антибиотикийн асуудал байдаг. Вакцинтай малын мах идлээ гээд энэ дээр асуудал ерөөсөө байхгүй. Мэдээж тодорхой хугацааны дараа нядлаад, ингээд л хүнсэнд хэрэглэж байгаа.

-Антибиотек, ивомеок гэдэг эмийг малчид өөрсдөө худалдаж аваад, өөрсдөө л тариад байдаг шүү дээ. Иргэд ч түүний хор уршгийн талаар сайн мэддэггүй. Түүнийг ямар зориулалтаар малд тарьдаг юм бэ, ямар нэг зохицуулалт хийх үү?

-Ивомекийн үндсэн зориулалт нь шимэгтэх өвчний эсрэг, паразитуудын эсрэг бэлдмэл. Түүнийг малын эмчийн заавраар тодорхой шимэгчдийн идэвхжил, тархалтын үеэр нь л хэрэглэх ёстой.

Малчид өөрсдөө дур мэдээд тарьж байна. Энэ бол олон жил ингэж замбараагүй явчихлаа л даа. Одоо шинэ хуулийг дагаад журам гарч ирнэ. Малын эмийн зохистой хэрэглээний тухай. Тэгэхээр ивомек, зарим антибиотекийг жороор олгодог, заавал малын эмч тарьдаг зохицуулалттай болно.

Хууль маань одоохондоо шинэ байна. Дагах журмууд гарч ирэх ёстой. Энэ зах зээл одоогоор маш чөлөөтэй байгаа шүү дээ. Хаа сайгүй л малын эм зарагдаж байгаа. Дуртай хүн нь худалдаж аваад явж байна. Энэ бүхэн журмаар зохицуулагдаж, ерөнхийдөө эмийн зах зээл, бүтэц өөрчлөгдөнө. Нэг том ханган нийлүүлэгчтэй байх юм уу, Дундговь гэхэд л нэг ханган нийлүүлэгчтэй, нэг эх сурвалжтай байх юм уу, энэ бол шинэ гарч ирэх журмаар л зохицуулагдана. Тэгэхээр нэг цэгцэндээ орох байх.

-Ер нь малын өвчлөлийг бууруулах чиглэлээр яаж ажиллах вэ, малчдын хувьд юуг анхаарах, танай байгууллагаас ямар үйл ажиллагааг хэрэгжүүлэх вэ?

-Малын өвчин ихэсч, багасах асуудал түрүүнд хэлсэнчлэн тухайн үүсгэгчээсээ л хамаардаг. Тодорхой хугацааны дараа дархлааны идэвх буурч байгаа. Бид нар жил болгон тарьдаг ч гэсэн зургаан сарын дараа, жилийн дараа нөгөө хамгаалах дархлаа маань буурчихдаг.

Дэлхий нийтээр л энэ вирус чинь тархаж байгаа. Юугаар ч тархаж болно. Малын ихэнх өвчний халдвар манай өмнөд хөршөөс дамжиж орж ирдэг. Шүлхий, бог малын мялзан, гахайн мялзан, цэцэг гэх мэтчилэн гоц халдварт өвчнүүдийн тухайд. Тэгэхээр эдгээр өвчин тус бүр дээр хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх стратегиуд байдаг. Тэр стратеги, хил гааль гээд л тэмцэж байгаа, өвчин орж ирсэн хойно бүс нутгийн хэмжээнд арга хэмжээ авна, хууль дүрмийн хүрээнд байнгын бэлэн байдалд, сонор сэрэмжтэй байж, тандан судалгаа хийж, хамгаалдаг.

Нам дарж устгана гэж байхгүй. Мал эмнэлгийн түүхэнд бол хоёр, гуравхан өвчин л дэлхий нийтийн хэмжээнд ор байхгүй болж устсан байдаг. Бүх улс оронд ийм зовлон адилхан. Тэгэхээр өвчний гаралт буурлаа, ихэслээ гэдэг бол харьцангуй ойлголт.

Шинэ хуулинд малчдын эрх үүрэг, сум орон нутгийн удирдлага, багийн Засаг даргын эрх, үүрэг, малын эмч нарын ажиллах зарчим, стандартыг зааж өгсөн. Энэ хуулиа л хэн хүнгүй барьж ажиллах хэрэгтэй.

Малчин нь хариуцлагатай, эрүүлжүүлэх үйл ажиллагаа, вакцинжуулалтаа цаг тухайд нь хийлгэж, малаа бүрэн хамруулдаг, багийн Засаг дарга нь товлон мэдээлэх, зарлан дуулгах ч гэдэг юм уу, бүх ажлаа яг хуулийн дагуу хийдэг, вакцин гэх мэт сэргийлэх ажлуудыг мал эмнэлэг нь төлөвлөдөг, хуваарилдаг, цаг хугацаанд нь тарьдаг, тэгээд бүх эрсдэлийг урьдчилж хараад ажлаа төлөвлөдөг л байвал болно.

Одоо манай малчид отор нүүдэл хийж байна, эрсдэлтэй бүсэд отроор явж байна, отрын бүс нутагт юуг анхаарах вэ гээд малчид руугаа чиглэсэн мэдээлэл, зөвлөгөөг байнга л өгч байгаа. Анхаарах асуудлуудын хувьд бичиг цаасаар бүх малчдын гар дээр оччихсон байгаа.

Малчид эрхээ эдлэхээс гадна бас хүлээсэн үүрэгтэй. Энэ нийгмийн амьдралд оролцож,нийгмийн баялгийг бүтээж, тодорхой хувийг эзэлж байгаагийн хувьд бас хуулиараа үүрэг хүлээж байгаа. Түүнийгээ л хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй.

-2020 онд танай байгууллагын хувьд ямар зорилт дэвшүүлж ажиллах вэ, мэдээж, судалгааны ажлуудын эхлэлийг тавьсан болохоор энэ чиглэлийн ажлуудаа үргэлжлүүлээд хийх байх, ер нь аймгийн мал эмнэлгийн салбарт тулгамдаж байгаа ямар асуудал байна?

-Аймгийн мал эмнэлгийн газар малыг эрүүлжүүлэх, дархлаажуулах, тандан судалгаа хийх, бруцелезын тандалт хийх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байгаа.

Манайд тулгамдаж байгаа асуудал бол малын эмч нарын хүрэлцээ муу, тэд нарын чадамжийн асуудал байгаа. Энэ жилдээ боловсон хүчнийхээ чадамжийг дээшлүүлэх судалгаа, тандалт хийх ажлыг л зорилтоо болгож байгаа.

Сумдад гарч байгаа бүх өвчний гаралт бүрийг оношилно гэсэн том зорилттой ажиллана. Дуудлага бүрт хүрч ажиллах, дээж авах, аймгийн мал эмнэлгийн лабораторид шинжилж үр дүнг харъя гэж байгаа.

Бид нар шинжилж чаддаггүй байсан, амаар оношилдог байсан, тэр оношилгооныхоо үр дүнд буруу, зөрүү тэмцдэг байсан, вакцинжуулалтыг хэт хавтгай хийдэг, түүнийгээ оновчгүй хийдэг гэх мэтчилэн буруу арга барил байсан. Түүнийг цэгцлэх зайлшгүй шаардлагатай байна.

Бид нар өнөөдөр шөвөг ярын вакциныг бүх суманд тарьж байгаа. Гэтэл энэ өвчин огт гардаггүй сум, баг байдаг. Тэгэхээр өвчний үүсгэгч байхгүй газар хурга, ишгийг тарьж, эдийн засгийн үр ашиггүй зарцуулалт байна гэж дүгнэж байгаа.

Бүгдийг оношильё, тандья, үнэхээр асуудалтай байгаа газар нь мал эмнэлгийн үйлчилгээгээ үзүүлье л гэсэн чиг хандлага руу явж байна. Энэ бол манай гол зорилт.

Тэгээд системээрээ тандалт хийх, судалгаа шинжилгээ хийх тал руугаа хөгжиж байна. Гарал үүсэл, вакцинжуулалт, дархжаалуулалтын бүх мэдээлэл маань цахимд орчихсон, нэг малын эмч таван мал тарилаа гэхэд тэр мэдээлэл бүртгэгдээд явж байгаа. Энэ ажил шинэ байна, эхлэл төдий байна, гэхдээ зөв эхлэл тавигдсан, удахгүй үр дүн нь гарна л гэж бодож байгаа.

-Бие даасан судалгааны ажлыг өнгөрсөн онд анх хийсэн гэж танилцуулсан. Өмнө нь манай малын эмч нарын хувьд ийм судалгааг хийж байсан уу, энэ жил тухайлан яг ямар судалгааг түлхүү хийх вэ?

-Өмнө нь аймгийн малын эмч, мал эмнэлгийн тасгууд яг бие даасан судалгааг бол нэг их хийж байгаагүй. Тодорхой зарим өвчний үүсгэгчээс дээж авч, төв рүүгээ явуулж, оношлуулаад дүгнэлт гаргаж, илтгэл, нийтлэл бичиж байсан туршлага байгаа. Яг бие даасан судалгааг харьцуулсан, олон нийтэд мэдээлэх түвшинд хийж байгаагүй.

Өмнө нь Мал эмнэлэг үржлийн газар гэж байсан, тэд маань мал эмнэлгийн хүрээлэн, мал эмнэлгийн судлаачдын улсын хэмжээний тандан судалгааны ажлуудад оролцоод явж байсан байх.

Тэгэхээр үндэсний аюулгүй байдал, нийгмийг эрүүл хүнсээр хангах зорилтын хүрээнд иргэдийнхээ хэрэглэж байгаа мах сүүн дээр ивомек, антибиотекийн хэрэглээг энэ жил үзэж, судална. 2019 онд судалгаа хийх бэлэн байдлаа хангаж, оношлуур, лабораториийг бэлэн болгосон.

Энэ судалгааны ажлыг эхлүүлэх гээд одоо удирдамжаа гаргах гээд хэлэлцэж байна. Удирдамж гараад ирэхээр бид нар сумдууд руугаа гараад, мах, сүүний дээж цуглуулж, мах сүүн дотор антибиотекийн үлдэгдэл байгаа эсэхийг шинжилнэ. Ингэхлээр ерөнхий дүр зураг харагдах байх. Ганц тохиолдол илэрсэн ч л энэ нь ноцтой зүйл болно.

Мөн дотрын халдварт хордлогын нарийвчилсан судалгааг хийнэ. Өмнө нь манайх бактериологиор оношилдог байсан бол одоо түргэн тест байж байгаа, амьд дээр нь цусанд болон шулуун гэдэсний арчдасанд илрүүлэх болон Канзасийн их сургуулийн судлаачидтай хамтран молекул түвшинд нь илрүүлж, манай аймагт яг ямар хэвшлийн токсин нь гараад байгаа юм бэ гэдгийг тодорхойлоод, түүний дараа вакцинаа нийлүүлэх, магадгүй судалгааны ажил хийгээд ирэхээр уг өвчнийг эмчлэх зааврыг ч өөрчлөх асуудал гарч ирж болзошгүй.

Уг нь ногооны хордлого буюу дотрын халдварт хордлого өвчнөөр хоёроос дээш насны мал голцуу хорогдоно гэсэн заалт байгаа бол одоо янз бүрийн насны мал хорогдож байна. Ногоо цагаа дэлгэрэх үеэр гардаг байсан бол одоо бүр нэгдүгээр сард гарч байна. Яг өнөөдрийн байдлаар манайд энэ өвчний тохиолдол гараад лабораторид шинжилгээ хийж байгаа.

Тэгэхээр өвчин гарах хугацааны хувьд ч гэсэн өөрчлөгдсөн байна. Энэ бүгдийг аймгийн Мал эмнэлэг гаргаж тавина.

-Тэгэхээр өвчний гаралт, өвчний шинж тэмдэг өөрчлөгдөж байна гэлээ. Манай малчид энэ өөрчлөлтөд хэр бэлэн байдаг юм бол, тэдэнд мэдээ, мэдээлэл маш их хэрэгтэй байх шиг санагддаг юм. Мөн зарим нэг малчдын хариуцлагын асуудал ч сул байдаг.

-2019 онд манай байгууллага “Малчинд ойрхон мал эмнэлэг” гэсэн зорилт тавьж ажилласан. Энэхүү зорилтын хүрээнд шинэ хуулиа бүх малчинд хүргэж, сурталчилгаа, таниулга хийсэн. Сумдад болсон Малчдын зөвлөгөөн болгонд оролцсон, мэдээлэл өгсөн. Мөн судалгаа авсан. Сум болгонд шинээр байгуулсан Мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний  нэгжүүд рүүгээ чиглэж, гэрээ байгуулахаас эхлээд үйл ажиллагааныхаа зүг чигийг гаргаад авсан.

Сумдын малын эмч нар малчин болгонтойгоо гэрээ байгуулсан. Тэр гэрээн дээр эрх, үүрэг гээд бүх асуудлууд нь байж байгаа. Тэгээд малдаа вакцин тариулах жилийн графикийг нь хавсаргаад өгсөн, малчдад энэ бүх мэдээлэл байж байгаа гэсэн үг. Бидний зүгээс малчдад хангалттай мэдээлэл өгөөд л байгаа юм.

Малчид маань л хэнэггүй, дураараа байдлаас болж өвчнийг үүсгэчихээд байна. 2016, 2017, 2018 онд гарсан гоц халдварт өвчин чинь бүгд л манай малчдын өөрсдийнх нь хайхрамжгүй үйлдлээс л болсон. Халдвартай бүс рүү отроор явчихдаг, мэдэгдэлгүй, ямар ч эрүүл мэндийн хяналтгүйгээр малаа туугаад ороод ирдэг, тэгээд зүгээр байсан нутаг орныхоо малд халдвар тараачихдаг.

Малчдын хариуцлага, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх асуудал чухал,эрхээ ч гэсэн эдлэх хэрэгтэй юм. Эрхээ бас эдэлж чадахгүй байна. Нэг мал хорогдсон ч гэсэн л гэрээ байгуулсан эмч рүүгээ яриад, мэдээлэл өгөөд үйлчилгээ авах эрх нь байж байгаа шүү дээ.

Тэгээд мал худалдаж авдаг, хамгийн сүүлийн жишээ гэхэд л Цагаандэлгэр сумын нэг малчин Хэнтий аймгийн Галшараас хурдан удмын азарга худалдаж авсан. Уг нь тэр сумынхаа Мал эмнэлгийн тасагт хандаад, тэгээд хасалт хийлгэх ёстой байдаг. Ирээд мөн өөрийнхөө сумын эмчид хэлж, үзүүлчихсэн бол зүгээр. Тэгээд хэнд ч мэдэгдэлгүй хурдан удмын адуу аваад ирдэг, үржилд оруулчихсан, гэтэл нөгөөх нь халварт өвчтэй байх жишээтэй. Хэлээд, сэргийлээд байхад л ийм байдал гараад байгаа юм.

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ