Малайзын “Boeing”-ийг Украины байлдааны онгоц сөнөөсөн байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-25 10:00:34

ЛОНДОН. /TASS/. 2014 онд Донбасст осолдсон Малайзын “Boeing” онгоц Украины сөнөөгч онгоцноос харвасан “агаар-агаар” ангиллын пуужинд оногдож сүйрсэн байж магадгүй. Их Британийн “The Daily Mail” сонинд мэдээлснээр, ийм хувилбарыг телевиз радиогийн “Би-Би-Си” компанийн баримтат кинонд дэвшүүлжээ. Уг киног тавдугаар сарын эхээр үзүүлэх аж.

“Шинэ нотлох баримтууд Малайзын агаарын тээврийн компанийн “MH17” дугаартай нислэгийг үйлдэж байсан онгоцыг “газар-агаар” ангиллын пуужингаар бус Украины сөнөөгч онгоц сөнөөснийг харуулж байна” гэж тус сонины цахим хувилбарт бичжээ.

“Би-Би-Си”-гийн кинонд дээрх хувилбарыг нотлох баримтуудыг үзүүлж магадгүй байна. Тухайлбал, нүдээр үзсэн хүмүүсийн нэг нь “сөнөөгч онгоцноос пуужин харваж байсныг” харснаа, мөн дараа нь дэлбэрэх чимээ сонссон тухайгаа ярьжээ.

Харин “Sunday Express” сонинд мэдээлснээр, уг баримтат киног бүтээхийн тулд 100 орчим гэрчээс ярилцлага авсан бөгөөд долоо нь энэ хувилбарыг нотолж байгаа аж. Тэдний ярьснаар, Донбасст хоёр сөнөөгч онгоц зорчигч тээврийн онгоц руу нэгэн зэрэг дайрсан байна.

“Malaysia Airlines” компанийн “Boeing “777-200ER” онгоц 2014 оны долдугаар сарын 17-нд Нидерландын Амстердам хотоос Малайзын Куала-Лумпур хотын чиглэлд “MH17” дугаартай нислэгийг үйлдэж байхдаа Украины зүүн нутгийн Донецк мужид осолдсон билээ. Ослын улмаас 10 орны иргэд болох 283 зорчигч болон багийн 15 гишүүн бүгд амиа алдсан юм. Уг онгоц “газар-агаар” эсвэл “агаар-агаар” ангиллын пуужинд оногдож сүйрсэн гэдэг таамаглалыг дэвшүүлсэн билээ.

“Нууц баримтууд: “MH17”-г хэн сөнөөсөн бэ?” /Conspiracy Files: Who Shot Down MH17?/ киног тавдугаар сарын 3-нд орон нутгийн цагаар 21:00 цагт "Би-Би-Си"-гийн хоёрдугаар сувгаар үзүүлэх аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ