“Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд малын хулгайн 5 хэргийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-05 17:28:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан "Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 3-ны өдрөөс аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Уг арга хэмжээ нь баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргүүдийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох, хэрэг бүртгэлийн болон мөрдөн байцаалтын хэргүүдийг шуурхай шалган шийдвэрлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах зорилготой.

"Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ногооннуур сумын нутагт зэрлэг гахайг хууль бусаар агнасан хэргийг илрүүлсэн. Мөн Өлгий хотод оршин суудаг иргэн П-гийн агуулахад удаа дараа хууль бусаар нэвтэрч, эд зүйлс хулгайлсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Энэ хугацаанд малын хулгайн таван хэргийг илрүүлж шалгах ажлыг эхлүүлэв. Тухайлбал, өөр аймгийн иргэдтэй бүлэглэн бусдын 8 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан хэрэг илэрсэн байгаа" гэдгийг Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч О.Асылбек хэллээ.

  “Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ