Хорогдож байсан бөхөн өсөж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
183@montsame.mn
2020-02-04 10:27:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны тооллогоор 3800  байсан  бөхөн нэг жилийн дотор 1000 гаруй тоо толгойгоор өсжээ. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч энэ оны нэгдүгээр сард хийсэн тооллогоор 5074 орчим монгол бөхөн бүртгэгдсэн байна.  

Дээрх тооллогыг  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шугаман замналын аргаар бөхөнгийн тархац нутаг болох Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан сум, Завханы Дөрвөлжин сумын нутагт хийсэн байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Гантулга  “Бөхөнгийн тархац нутагт өнгөрсөн зун зуншлага сайн байсан ч ийм байдал жил болгон тохиодоггүй тул хамгааллын ажлыг сулруулахгүй байх шаардлагатай. Монгол Улс 2014 оны байдлаар 15 мянган бөхөнтэй байв. Харамсалтай нь, 2017 онд дэгдсэн бог малын мялзан өвчин, зудны улмаас бөхөн олон мянгаараа хорогджээ. Тиймээс бөхөнг  тархац нутагт нь сэргээн нутагшуулах, хэд хэдэн тусгаар бие даасан популяц үүсгэх нь ган, зуд, халдварт өвчний эрсдэлийг бууруулах боломжтой юм . Түүнчлэн  бөхөнгийн үржил, төллөлт явагддаг бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хууль бус агнуурыг бууруулах ажлыг хийх нь энэ нэн ховор амьтныг мөхлөөс аврах арга зам юм ” гэв.

Монгол бөхөн  сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний амьтан аж. Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан амьтны нэг юм. Дэлхий дээр монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Үүнээс монгол бөхөн нь зөвхөн манайд байдаг, өөр хаана ч байхгүй нэн ховор амьтан. Монгол бөхөн цөлөрхөг хээрийн эрүүл байдлыг хангадаг чухал амьтан. Монгол бөхөн оршсоор байна гэдэг нь говь, цөлийн экологийн тэнцвэрт байдал алдагдаагүйн нотолгоо болдог.

Монгол бөхөн Их нууруудын хотгорын Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд голчлон нутаглаж байна. Бөхөн ямар ч амьтдаас хамгийн хурдан давхин зайлдаг. Тухайлбал, 80 км цаг хүртэл хурдалж чаддаг аж.


Холбоотой мэдээ