Импичмент зарлах оролдлого Трампыг дэмжигчдэд нөлөөлсөнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-02-03 13:29:17

НЬЮ-ЙОРК. /TASS/. Хариуцлага алдсаных нь төлөө албан тушаалаас нь огцруулах Ардчилсан намынхны оролдлого АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчдэд бараг нөлөөлөөгүй болохыг “The Wall Street Journal” сонин болон телевизийн “NBC” компанийн захиалгаар явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Санал асуулгын дүнгээс үзвэл, Сенатын гишүүд АНУ-ын Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулахын төлөө санал өгөх нь зөв үү гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 49 хувь нь эсэргүүцсэн хариулт өгчээ. Харин 46 хувь нь Трампад импичмент зарлахыг дэмжиж, 5 хувь нь тодорхой хариулт өгч чадаагүй байна. 


Үүний зэрэгцээ санал асуулгад оролцогчдын 52 хувь нь Трампыг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзжээ. Харин 41 хувь нь эсрэг байр суурийг баримталж байгаа бол 7 хувь нь тодорхой хариулт өгч чадаагүй байна. Трамп Конгрессын мөрдөн шалгах ажилд саад учруулсан гэж санал асуулгад оролцогчдын 53 хувь нь үзэж байгаа бол 37 хувь нь түүнийг саад учруулаагүй гэж мэдэгджээ. Харин 10 хувь нь тодорхой хариулт өгөөгүй байна.


“The Wall Street Journal” сонинд онцлон тэмдэглэснээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн явуулж буй ажлыг дэмжигчдийн тоо нэгдүгээр сард бараг өөрчлөгдөөгүй бөгөөд 46 хувьтай байна. Санал асуулгад оролцогчдын 51 хувь нь Трампын ажлыг сайшаахгүй байгаагаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ Трампыг тууштай дэмжигчдийн тоо 2017 оноос хойших хамгийн дээд буюу 36 хувьд хүрсэн байна. 


Ардчилсан намынхан Трампыг хариуцлага алдсаных нь төлөө албан тушаалаас нь огцруулахыг оролдон улс төрийн зорилгоо хэрэгжүүлж байна гэж санал асуулгад оролцогчдын 60 орчим хувь нь үзэж байгаа бол 37 хувь нь эсрэгээрээ сөрөг хүчний намыг зарчимч гэдэгт итгэлтэй байна.


Нэгдүгээр сарын 26-29-ны хооронд орон даяар утсаар явуулсан санал асуулгад 1000 хүн оролцжээ.


Холбоотой мэдээ