Гавьяат багш Б.Даваадоржид хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-02-03 21:33:17

Ховд /МОНЦАМЭ/. Ховд их сургуулийн багш, доктор, профессор Б.Даваадоржийг Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гавьяат багш цол, тэмдгээр шагнасан.  

Тэрбээр баруун Монголын утга соёл, хэл аялгуу, аман зохиолын судалгааны үнэт өвийг бүрдүүлж, хэл шинжлэлийн ухаанд бодит хувь нэмэр оруулсан юм. Түүнийг нутагтаа ирэхэд нь аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ. 

Б.Даваадорж нь улсад нийт 50 жил ажилласан. 1985 оноос эхлэн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, залуу судлаачдыг хөгжүүлэх, өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд шамдаж 35 дахь жилдээ Ховд их сургуульд багшаар ажиллаж буй.

Тэрбээр тус сургуулиас төрөн гарсан 9 дэх гавьяат юм. Мөн Ховд их сургуулийн төгсөгчдийн дундаас төрөн гарч буй “Анхны Гавьяат багш” гэдгээрээ онцлогтой аж. 



Холбоотой мэдээ