Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-28 12:42:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.


Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг 1998 оны 7 дугаар сарын 18-нд Италийн Ром хотноо баталж, 2002 оны долоодугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм хүчин төгөлдөр болсны түрэмгийллийн гэмт хэргийн асуудлаар байгуулсан Тусгай ажлын баг нь 2009 оны 2 дугаар сард Ромын дүрмийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанд уг гэмт хэргийн талаарх саналаа танилцуулж, улмаар 2010 онд Түрэмгийллийн гэмт хэргийн тухай нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Уг зүйлийн дагуу түрэмгийллийн үйлдэл гэж тооцоход НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дүгнэлт заавал гарах хэрэггүй бөгөөд оролцогч улс эсхүл Олон улсын эрүүгийн шүүхийн дэргэдэх прокурор түрэмгийллийн үйлдэл гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд мөрдөн байцаалтыг эхлүүлэх эрхтэй байхаар болсон. 


Уг төслийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэж, дэмжлээ.

Холбоотой мэдээ