Рио-Де-Жанейрод олимпын дугуйн зам нурсны улмаас 2 хүн амиа алджээ

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2016-04-22 14:17:57

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Cbc/. “Рио-2016” олимпын наадмын шилдэг төсөл гэж үнэлэгдэж байсан дугуйн зам өчигдөр нурж, наад зах нь хоёр хүн амиа алдсан байна.

Ирэх наймдугаар сарын 5-21-нд болох олимпын наадмын бэлтгэлд ажилд ихээхэн саад учруулж байгаа асуудлууд тухайлбал, “Зика” вирусийн халдвар, Ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцруулах зэрэг асуудалтай зэрэгцээд “Tim Maia” гэх дугуйн зам нурсан хэрэг дэгдсэн нь тасалбарын борлуулалтад сөргөөр нөлөөлж байна. Бразил улсын эдийн засаг сүүлийн хэдэн 10 жилийн хугацаан дахь хамгийн хүнд үеийг туулж байгаа юм.

Далайн хүчтэй давалгаа хадан цохиог мөргөснөөр 50 орчим метрийн өндөрт барьсан дугуйн зам дээр байсан гурван  хүний хоёр нь амиа алдсан бөгөөд гурав дахь хүн сураггүй болсон гэж Рио-Де-Жанейро хотын захиргааны нарийн бичгийн дарга Педро Пауло Карвальо мэдэгдсэн байна.

Рио-де-Жанейро хотын гал унтраагчдын ярьснаар, хоёр хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн цогцсыг нисдэг тэрэгний тусламжтайгаар уснаас татаж гарган, Сан-Конраду наран шарлагын газрын элсэн дээр тавьжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ