14 дүгээр сургуулийн хичээлийг зогсоож сурагчдыг тараажээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-01-27 15:06:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа энэ үед Орос Элчингийн дэргэдэх 14 дүгээр сургууль хичээллэж байгаа талаарх гомдол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд иржээ.  

Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газар, Цагдаагийн газрын албаныхан өнөөдөр тус сургуулийн захиргаанд үйл ажиллагаагаа даруй зогсоох мэдэгдэл хүргүүлжээ.

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хяналт тавих үүргийг хотын Захирагч С.Амарсайханд өгсөн. Энэ хүрээнд албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байгаа юм.

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Цэнд-Очир, “Засгийн газрын шийдвэрийн дагуу Элчин сайдын газраас нь ямар нэгэн мэдэгдэл ирээгүй учраас хичээллэсэн гэх тайлбарыг сургуулийн захиргаа өгсөн. Өнөөдрөөс энэ сургууль хичээллэхгүй. Бид Оросын Элчин сайдын яамны холбогдох хүмүүстэй холбогдохоор ажиллаж байна” гэв.

Цаашид Засгийн болон нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг зөрчиж олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг 11-328922 дугаарын утсанд хандах боломжтой бөгөөд  нийслэлийн мэдээ пэйж хуудсанд мэдээлж болох юм. Иргэдийн гаргасан гомдол мэдээллийн дагуу шуурхай албаныхан ажиллах аж.


Холбоотой мэдээ