Засгийн газар коронавирусээс сэргийлэх чиглэлээр хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-26 11:11:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ээлжит бусаар өнөөдөр хуралдаж байна.


Хуралдааны шийдвэрийн талаар 13.00 цагт Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлнэ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, БСШУС-ын сайд, дэд сайд, хотын дарга оролцоно гэж Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлэв. 


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, өнөөдөр 09.00 цагийн байдлаар, шинэ коронавирусний халдвараар 1318 хүн өвчилж, 41 хүн нас барсан. БНХАУ-д 1287, Тайванд 3, Макаод 2, Хонконгод 5, Японд 2, БНСУ-д 2, Сингапурт 3, Вьетнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад 5, Непалд 2, Францад 3 хүн өвчилсөн. 


Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, өнөөдөр 08:50 цагийн байдлаар, Хятад улсад шинэ коронавируний халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна.  Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.


Ташрамд дурдахад, Монгол Улсын Онцгой комисс өвчлөлийн нөхцөл байдалтай холбогдуулан баасан гарагт бүх сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл хаахаар шийдвэрлэсэн билээ. Монгол Улсад коронавирусний сэжигтэй тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. 

Холбоотой мэдээ