Оффшор компаниудын эздийн нэрсийг ил болгоно

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2016-04-22 12:28:01

ЛОНДОН. /Independent/. Их Британийн Засгийн газраас гаргасан мөнгө угаах болон татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх шинэ санаачилгын дагуу оффшор компаниуд эздийнхээ нэрсийг зарлахгүй байгаа тохиолдолд тэдгээр компанийн Их Британид үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийг цуцална.

Гэмт хэрэгтнүүдийн хууль бусаар олсон мөнгийг нуун дарагдуулж байж магадгүй оффшор бүсээр халхлан ашиг хүртэж буй этгээдүүдийг олон нийтэд ил тод болгон зарлах төлөвлөгөөг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон ирэх сард Лондон хотод болох Авлигатай тэмцэх асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулах ажээ.

Оффшор компаниар дамжуулан эд хөрөнгө эзэмших нь хууль бус үйлдэл биш бөгөөд ийм тохиолдолд компанийн нэр улсын бүртгэлд ороогүй байдаг учир үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ эзэд бүртгэлээс зайлсхийх боломжтой болдог байна.

Их Британид байгаа эд хөрөнгийг “гэмт хэргийн замаар олсон орлогоо нуун дарагдуулах тохиромжтой хэрэгсэл болгон ашиглаж болзошгүй” гэж Засгийн газраас гаргасан зөвлөгөө өгөх чиглэлтэй баримт бичигт анхааруулсан байна. Уг баримт бичгийг Авлигатай тэмцэх асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалт болохоос сарын өмнө нийтэлжээ.

Түүнд дурдсанаар, Лондон хот дахь өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө нь асар их хэмжээний мөнгө угаах гэмт хэргийг халхлах боломжийг нээн өгч байна.

Лондон хот дахь 36 мянга гаруй тооны үл хөдлөх хөрөнгийг л гэхэд нэр нь үл мэдэгдэх компаниуд эзэмшиж байна. Оффшор компаниуд Их Британид нийт 170 тэрбум еврогийн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэсэн тооцоо ч гарчээ.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ