Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-01-22 15:30:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын дэд даргаЛ.Энх-Амгалан Монгол Улсын сайн мэддэг, манай улсад чин сэтгэлээсээ элэгсэг дотно ханддаг, Японы шилдэг дипломатч Элчин сайдаар томилогдсонд баяртай буйгаа илэрхийлээд энэ туршлага нь Монгол-Японы Стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй болохыг онцлон тэмдэглэлээ.


Тэрбээр, “Хоёр улсын хамтын ажиллагаа өргөжиж, өндөр дээд хэмжээний уулзалт, айлчлалууд тогтмолжиж байгаагийн зэрэгцээ иргэд хооронд болон соёл, спортын салбарын харилцаа хөгжиж байна. Цаашид Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хоёр улс анхаарч ажиллах хэрэгтэй. Бидний хувьд инновацад суурилсан эдийн засгийг хөгжүүлэх сонирхолтой байна” гэв.


Элчин сайд Кобаяши Хироюки Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөрт зориулсан ёслолд Монгол Улсын Их Хурлын гишүүд оролцож, хүндэтгэл илэрхийлсэнд талархав. Тэрбээр, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хөрөнгө оруулагчдыг татах нь чухал. Японы хөрөнгө оруулагчдыг татахад бизнесийн таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй учраас Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд шийдэх шаардлагатай зарим асуудал байгааг дурдав.


Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн М.Билэгт болон албаны бусад хүмүүс байлцав.


Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюки өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Тэрбээр, 1987-1989 он Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд 3 дугаар нарийн бичгийн дарга, 2005-2008 онд ЭСЯ-ны Дэд тэргүүнээр тус тус томилогдон ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ