Монгол Улсад ДОХ-ын халдвартай 286 тохиолдол бүртгэгджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-01-21 16:39:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХДХВ, ДОХ-оос сэргийлэхэд хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтад хамтрагч байгууллагуудыг төлөөлж 100 хүн оролцож, үндэсний хэмжээнд 2021-2023 онд сүрьеэгээс сэргийлэх чиглэлээр Глобал сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх төсөлд тусгах нэн тэргүүнд шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлох талаар санал солилцов. Төслийг 2020 оны гуравдугаар сарын 23-нд Глобал санд өргөн барих юм.

Тус сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслийг Монгол Улсад 2003 оноос эхлэн хэрэгжүүлж  ирсэн ба одоогийн хэрэгжүүлж буй төсөл 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх юм.

Өмнөх оны эцсийн байдлаар Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын  286 тохиолдол бүртгэгдэж ДОХ-ын улмаас  46 хүн нас барсан байна.

Үндэсний хэмжээнд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажилд зарцуулж буй олон улсын байгууллагын зардлын  85 хувийг Глобал сангийн санхүүжилт  эзэлдэг.

Глобал сан 17 жилийн турш ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дэлхийн улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Монгол Улс цаашид төсөл хэрэгжүүлэх орны тоонд багтсан бөгөөд  Глобал сангаас хуваарилсан санхүүжилтийн хүрээнд 2021-2023 онд хэрэгжүүлэх төсөл боловсруулах бэлтгэл ажил эхлээд байна. 


Холбоотой мэдээ