Монголд өнгөрсөн онд 45.7 мянган удаа газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2020-01-20 16:41:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.


Хурлаар газар хөдлөлтийн 2019 оны төлөв байдал, Зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж, 2020 оны төлөвлөгөөг батлав. Танилцуулгаас үзвэл, өнгөрсөн онд Монгол Улсад болон хил орчмын бүс нутагт 45 мянга 757 удаа газар хөдөлсөн байна. Магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 66 удаа болсноос 20 нь иргэдэд мэдрэгджээ. Улаанбаатар хот орчимд 1010 удаа газар хөдөлсөн бөгөөд Эмээлт, Хустай, Авдар, Шархай, Гүнжийн хагарлын дагуу идэвхжилттэй байгаа юм. Тодруулбал, Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим удаа газар хөдөлдөг байсан бол 2005 оноос 2-3 дахин, 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин өсжээ. 


Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл 2019 онд эрх зүйн орчныг бүрдүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, иргэд, олон нийтийг дадлагажуулах чиглэлээр 53 ажил өрнүүлэхээр төлөвлөсөн нь 70 хувиар биелсэн байна. Энэ онд үлдсэнийг нь бүрэн хэрэгжүүлэхээс гадна газар хөдлөлт бүртгэх, аврах, гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авах, түүнийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, төв, орон нутгийн жилийн төсвийн тодорхой хувийг гамшгаас сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад зарцуулах зорилгоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах боллоо.


Шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, шинээр барихад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгах, эм, эмийн хэрэгслийн нөөц агуулах барих, хүнсний болон хүнсний бус бараа, материал, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэх, сургууль, цэцэрлэгийг гамшиг, ослын үед хэрэглэх тоног төхөөрөмжөөр хангах, хэд хэдэн аймагт команд-штабын болон иж бүрэн сургууль хийх зэрэг 40 ажил өрнүүлэх аж.

Холбоотой мэдээ