Японы шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-20 17:09:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэн өнөөдөр хүлээн авч уулзав.


Сайд Д.Цогтбаатар Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг онцлоод хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, ялангуяа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн (EPA) хэрэгжилтэд анхаарч, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахын чухлыг тэмдэглэж, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов.


Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэж, Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, нэн ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтыг тэлэх, түүний дотор  Япон дахь Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.


Тэрээр мөн 2022 онд тохиох Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх бэлтгэл ажлыг эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ