Улиастайд ганц нэг эртний эдлэл олдсоноос өөр ховор зүйл олдоогүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 17:00:47

Завхан аймгийн төв Улиастай хотод барьж байгаа ШШГЕГ-ын харъяа Завхан аймгийн ШШГА-ны шинэ байрны суурийн шороог хэд хэдэн газар асгажээ.

Энэхүү асгасан шорооноос эртний эд зүйлс олдсон аж. Иргэд, лам нарын малгай, бүс, судрын хэлтэрхий, бурхан, цөгц зэрэг шашны эд зүйлс түлхүү гарч байна. Мөн хятад шаазан аяга болон ваар, төрөл бүрийн чулуун хөөрөг, шашны эдлэл хэрэглэл, цөгц зэрэг зүйлс ч гарсан гэж ярьж байгаа ажээ.

Анх айлууд хашаандаа болон гудамж талбайд шалбааг тогтдог хэд хэдэн хэсэгт газар тэгшлэхээр суурь барихаар гаргасан сул шороог авчирч асган шороог тэгшилж байх үед хөөрөг олдсоноор иргэдийн бөөгнөрлийг үүсгээд байгаа аж.

Мэдээллийн сайтууд болон телевизээр иргэд зориудаар газар ухаж сэндийчсэн гэсэн ташаа мэдээлэл газар аваад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар зарим нэгэн олз хайгч иргэд шороо ухаж байна. Олон нийтийг хамарсан эмх замбараагүй явдал гараагүй байна. Ганц хоёр иргэн гуулин данх, цөгц болон шаазан аяга таваг олж эртний эдлэл авдаг ченжүүдэд зарсанаас өөр эртний эд зүйл гараагүй. Мөн зарим иргэд өөрсдийн хөөргийг тус шорооноос олсон мэтээр ченжүүдийн анхаарал татсанаас өөр ховор зүйл олдоогүй хэмээн албаны хүн мэдээллээ.

Нэг том ламын эдлэл хэрэглэлийг л олсон байх. Түүнээс ховор нандин олдвор олдоогүй

Аймгийн МХГ-ын дарга шашин, түүх судлаач П.Батсайхан, Улиастай хот 1733 онд суурь нь тавигдсан эртний хот юм. Улиастайд Баруун монголын эсрэг тэмцэх Манжийн цэргийн ерөнхий зомандлагч жанжин сууж байжээ. 1748 онд Улиастайн цайз хэрмийг өргөтгөж Тэс, Орхон, Байдраг зэрэг газарт байрлаж байсан цэргийн жижиг ангиудыг татан төвлөрүүлж тэр үедээ цэргийн том бааз байрлаж байсан хот юм. Улиастайд байрлах цайз хэрэм нь 4.80 метр өндөр ханатай дөрвөлжин хэлбэртэй 16000 цэрэг багтах багтаамжтай хэрмийг тойрон худалдааны зах зээл орон сууцны барилгууд байжээ. Мөн мөргөлийн жижиг сүмүүд ч байж. Тус хотод хятадын жижиг дэлгүүр ихтэй худалдаа наймаа хөгжсөн их хөлийн газар байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тиймээс тэр үед хэрэглэгдэж байсан болон сүүлд хэлмэгдүүлэлтийн үеийн лам нарыг хорьж байсан шорон \Улиастайн амбаны шорон\ одоо барилгын суурь ухсан газраас 200-аад метр газар байрлаж байгаа болохоор тэр үеийн хэлмэгдэж байсан лам нарын эд зүйл байж болох юм. 1890-ээд оны сүүлээр орж ирсэн Хятадын шаазан хөөрөг хоёр, гурав байсан гэж хүмүүс ярьж байна лээ. Цөгц гэхэд арван хэдээрээ байна гэхээр нэг том ламын эдлэл хэрэгслийг олсон юм уу гэж ойлгож байна. Хотын байршлын хувьд 1940-өөд оны үеийн судалгааны хар бүдүүвч зургаас үзэхэд одоогийн байшингийн туурь ухаад олдож байгаа хэсэгт ерөөсөө юу ч байгаагүй. Сүүлд 1970-1980 гаруй оны үед айлууд буусан байсан нь бий. Мэдээж үүнээс өмнөх үе яригдаж байгаа тул би нэг ламын эдлэл хэрэгсэл олдсон байх. Түүнээс ховор нандин олдвор олдоогүй гэж үзэж байгаа хэмээн хэллээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ