Хорь гаруй жилийн хур хогноосоо Баянмөнх сумынхан салжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-01-18 19:58:07

Хэнтий /МОНЦАМЭ/ Ерѳнхий сайдын ажлын бүрэлдэхүүн Баянмѳнх суманд ажиллалаа. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Баянмѳнхчүүдийг 20 гаруй жилийн хур хогноосоо салж чадсаныг сайшаав.

Тэрбээр цааш хэлэхдээ, хоггүй Монгол Улс болоход сум бүр, иргэн бүрийн үүрэг оролцоо чухлыг дурдаж, Баянмѳнх сумын Засаг дарга М.Цэнгэлд Байгаль орчны тэргүүний ажилтан цол, тэмдэг гардууллаа.

Тус сумын иргэд, хѳдѳлмѳрчид суманд нь анх удаа Монгол Улсын Ерѳнхий сайд айлчилж буйд баяртай угтаж авсан юм. Сумын соёлын тѳвд хийсэн уулзалтад 400 шахам хүн оролцож, хурал хоёр цаг гаруйн хугацаанд үргэлжлэв. Орон нутгийнхаа нийгэм, эдийн засаг, хѳдѳѳ аж ахуйн салбарт тулгамдсан асуудлын талаар 10 орчим хүн Ерѳнхий сайд болон Засгийн газрын ажлын бүрэлдэхүүн, аймгийн удирдлагуудаас асуулт асууж, санал сэтгэгдлээ хэллээ. Тухайлбал, махны экспорт, малын хулгай, суманд шаардлагатай бүтээн байгуулалт, хѳрѳнгѳ оруулалтын асуудлыг дэвшүүлэв. Ерѳнхий сайд монголчуудын эв нэгдэл, улс эх орны хѳгжил дэвшил, Засаглалын тогтвортой байдалд чухал үүрэгтэйг онцолж, ажлаа танилцууллаа.

Тус суманд дулааны шугам сүлжээ шинээр тавигдаж байгаатай холбогдуулан цэвэрлэх байгууламжийн тѳсѳв шийдвэрлэж ѳгѳхийг сумын иргэд хүсэв. Иргэдийн хүсэлтийг үндэслэн ХНХ-ын сайд С.Чинзориг сумын "Ахмадын ѳргѳѳ"-ний тохижилтод туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн бол, Ерѳнхий сайд сумын цэцэрлэгт ариун цэврийн ѳрѳѳ байгуулах асуудлаа тѳсѳл болгон Засгийн газарт хүргүүлэх, цэвэрлэх байгууламж, ЗДТГ-ын шинэ барилгын зураг тѳсвѳѳ гарган аймгаар дамжуулж ирэх оны тѳсѳвт суулгах талаар анхаарч ажиллахыг даалгалаа. Мѳн суманд гарсан орон байрны хулгайг илрүүлж, гүйцэтгэх ажиллагаа явуулахыг аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батсайханд үүрэг болгов.

Үүнчлэн Баянмѳнх суманд улсын онцгой комиссоос 28 тонн ѳвс, таван тонн тэжээл /50 хувийн хѳнгѳлѳлттэй үнээр/ гардуулж, сумын ногоочдын холбооны хүсэлтээр ногоочдод тоног тѳхѳѳрѳмжийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

 

Холбоотой мэдээ