Г.Ганболд: Надад авлига, хээл хахууль авсан, албан тушаалаа ашигласан зүйл нэг ч байхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-19 14:19:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн үед аймгийн Засаг дарга Г.Ганболдтой холбоотой сөрөг мэдээллүүд цахим орчноор багагүй нийтлэгдэж байна. Үүнд аймгийн Засаг дарга тайлбар өгч, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжууллаа.


-    -Таныг Баянтээг ХК-тай холбосон мэдээлэл нэлээн цацагдаж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-    -Сүүлийн үед цахимаар Баянтээгийн уурхай руу чиглэсэн, тэр дундаа Баянтээг ХК-ийн захирлыг надтай холбосон асуудал багагүй гарч байна. Энэ нь нэлээн давтагдах шинжтэй болж байгаа тул тайлбар өгье гэж бодож байна. Баянтээг ХК-ийн 70 хувь нь орон нутгийн өмч, 30 хувь нь хувийн хэвшлийн мэдэлд байдаг. Сүүлийн жилүүдэд энэ уурхайн борлуулалт нэмэгдэж, ашигтай ажиллаж байгаа. 2019 онд уул уурхайн салбарын шилдгийн шилдэг аж ахуйн нэгжээр улсад шалгарсан. Яагаад гэвэл Баянтээгийн нүүрсний уурхай нь 2019 онд 600 мян.м3 хөрс хуулж, 210 мян.тн нүүрс борлуулж, 2.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үндсэндээ борлуулалтын орлогын 45-50 хувь нь ашиг болж, аймгийн татварын орлогод 1,3 тэрбум төгрөг оруулсан юм.

Нөгөө талаас бид утааг багасгах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Баянтээгийн уурхайг түшиглэж, сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулан ашиглалтад оруулаад байна. Аймгийн ИТХ-аас очиж, танилцаад ирсэн. Энэ мэт ахиц дэвшилтэй алхмууд олон байгаа учраас энэ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг доголдуулахыг хүссэн, дайрсан асуудал их гарч байна. О.Сумъяасүрэн гэх хүний хувийн компани тендер авч үйлдвэр бариад байгаа юм шиг, Нарийнтээлд сургууль барьж байгаа юм шиг буруу ойлголтыг иргэдэд өгөөд байна.

-   -Нарийнтээл суманд сургууль барих шаардлагагүй байсан ч мөнгө угаах зорилгоор шинэ сургууль барьсан гэх утгагай мэдээлэл таржээ?

-   -Нарийнтээл сумын сургууль бол 1972 анх ашиглалтад орсон, 48 жил болж байгаа барилга. Одоогийн байдлаар 300 хүүхдийн суудалд 450 гаруй хүүхэд хичээллэж байна. Сургуулийн шинэ барилга барих талаар бид 2016 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, намын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн байсан юм. Сургуулийн барилгыг "Тэд констракшн" ХХК маш чанартай барьж, ашиглалтад оруулсан.

Баянтээгийн уурхайд ашиглалтад ороод байгаа шахмал түлшний үйлдвэрийг “Баялаг эрдэм цом” гэж компани нээлттэй сонгон шалгаруулалтад орж гүйцэтгэсэн. Гэтэл эдгээр барилгуудыг О.Сумъяасүрэнгийн компани барьсан, намайг тэндээс хувь хүртдэг юм шиг буруу ойлголт өгч байгаа юм. Мөн хурдан морь цуг уядаг гэсэн байна. Би морь уядаггүй. Тэгэхээр цахим орчинд тавигдаж байгаа мэдээлэлд итгэхгүй байхыг ард иргэддээ уриалж байна. Бүгд худал мэдээлэл.

Эдгээр мэдээллийг Зөрчлийн хуулийн дагуу хуулийн байгууллагад өгч шалгуулна. Өнөөдөр улсын хэмжээнд нүүрсийг хамгийн хямд зарж байгаа газар бол Баянтээг. Нэг тонн нь 29 мянга байдаг. Бусад төрийн өмчит уурхайнууд нүүрсээ нэг тонныг нь 40-80 мянгад худалдаж байгаа.

-     -Өвөрхангай аймагт зарлаж байгаа тендерүүдийн ихэнхийг О.Сумъяасүрэнгийн компани авдаг гэх мэдээлэл байна. Та түүний "Жигүүр-Оргил" ХХК-тай ямар нэг байдлаар холбоотой юу?

-  -Миний хувьд "Жигүүр-Оргил" ХХК-тай хамтын ажиллагаатай, ямар нэг хувь эзэмшдэг зүйл байхгүй. Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа аваад өгч болно. Энд Нийгмийн даатгалын барилгын засварын ажил яригдаад байгаа. Энэ чинь 10 гаруй жилийн өмнө баригдсан барилга шүү дээ. Үүнд О.Сумъяасүрэн гэх хүний компани ямар ч хамаарал байхгүй. Тэр хүнийг харлуулахын тулд заавал намайг холбоод байгаа нь цаанаа улс төрийн зорилготой юм байна гэж ойлгож байгаа. Тэр хүмүүс шууд хуулийн байгууллагад хандахгүй цахим орчинд л мэдээлэл дахин дахин тавиад байна гэдэг чинь зорилго нь өөр байгаа байхгүй юу. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэх тактикийг хэрэглэж байна гэж ойлгож байна. Энэ бүх асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар өгч байгаа. Энэ нь тогтоогдоод ирэхээр үнэн зөв мэдээллийг авах боломжтой болно. Надад авлига, хээл хахууль авсан, албан тушаалаа ашигласан зүйл нэг ч байхгүй ээ. Үүнд манай Өвөрхангайн иргэд итгэлтэй байж болно.

-    -Аймгийн удирдлагуудыг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэллээ. “Өв Эко Мийт” махны үйлдвэрт "Баянтээг" ХК-иас нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон нь хууль бус үйлдэл байсан гэх мэдээлэл байна?

-   -Уг нь бидний хувьд их том ажил хийсэн гэж боддог юм. “Жаст Агро” ХХК-ийн махны үйлдвэр нь шинээр баригдангуутаа банкинд барьцаалагдчихсан байсан. Үүнийг би Засгийн газарт хүсэлт тавьж, маш олон удаа хөөцөлдөж байж 3 тэрбум төгрөгийн барьцааг Засгийн газраар гаргуулаад үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм. Үйлдвэрийн үйл ажиллагааг цаашид авч явахын тулд Баянтээг уурхайн орон нутагт ноогдох ноогдол ашгаас 450 сая төгрөг гаргаж олгосон. Тэр мөнгөөр махны үйлдвэр одоо үйл ажиллагаагаа аваад явж байна. Тэнд аудитын шалгалт хийсэн. Тусдаа захиралтай, нягтлантай, няравтай байгууллага. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 100 хувийн төрийн өмчтэй цор ганц үйлдвэр бол манай “Өв Эко Мийт” махны үйлдвэр. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн энэ жил гэхэд 12 тэрбум төгрөгийн махыг малчдаас авсан байна. Гэтэл энэ ажлыг мөн л харлуулж байгаа нь явуургүй үйлдэл юм. Цахим орчинд тавигдаж байгаа сөрөг мэдээллийн дагуу цаг тухай бүрт тайлбар өгч байя гэж бодож байна.

Холбоотой мэдээ