Х.Нямбаатар: "Саарал жагсаалт"-аас гарах боломжийг нэг алхам ухраалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-17 17:13:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүд хувийн эрх ашгаа урьтал болгож “саарал жагсаалт”-аас гарах боломжийг нэг алхам ухраалаа хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр мэдэгдэв. 


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Харин дээрх хуулиудтай уялдуулан өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонх дэмжээгүй тул төсөл санаачлагчид буцаасан. Уг хуулийн төсөлд, Эрүүгийн хуулийн 18.3 дахь хэсэгт, 300 мянган нэгж хүртэлх татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн бол хүндрүүлсэн нөхцөлтэйгээр эрүүгийн хариуцлага тооцохоор зохицуулсан байсныг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдээллийн эхэнд онцоллоо. 


Тэрбээр, “ФАТФ-аас өгсөн “саарал жагсаалт”-аас гарах зөвлөмжид Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт хариуцлага тооцдог болохыг тусгасан. Гэвч энэ талаар оруулсан заалтыг чуулганы нэгдсэн хуралдаанаар унагаалаа. Үүнээс болж бид саарал жагсаалтаас гарах боломжоос нэг алхам ухарч байна. УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн танхимд орж ирэхдээ өмнө нь ямар албан тушаал эрхэлж байснаа хойш тавиад төрийн шийдвэр гаргах процесст оролцож байгаа гэдгээ ухамсарлан нийтийн эрх ашгийн төлөө асуудалд ханддаг байх ёстой. Татварынхаа дансаа нууж гурван тэрбум төгрөгийн орлого олоод улсад татвар төлөхгүй  байхыг хууль ёсны үйлдэл гэж үздэг төрийн түшээд байна. Манай улс хязгаарлагдмал баялагтай орон. Тиймээс татварын орлогоор төрийн бүтцээ авч явахын тулд далд эдийн засгаа ил болгох тухай жил бүр ярьдаг. Гэвч далд эдийн засгаа улам дэмжсэн, өөгшүүлсэн байдлаар асуудалд хандаж байна” хэмээлээ. 

Холбоотой мэдээ