Уран бүтээлч Г.Баттогтох “Далны симфони” үзэсгэлэнгээ нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Далны ясан сийлбэрээрээ олонд танигдсан уран бүтээлч
Т.Баттогтох “Далны симфони” үзэсгэлэнгээ ХААН галерейд өчигдөр нээлээ. Тэрбээр
сүүлийн 20 гаруй жилийн турш далны ясаар уран бүтээл туурвиж, сийлбэрийн
урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй юм.
Энэ
удаагийн үзэсгэлэнд Монголдоо
анхдагч хэмээн тодотгож болохуйц 2 метр 45 сантиметр том хэмжээтэй “Далай”
хэмээх өвөрмөц бүтээл дэлгэснээрээ
онцлогтой. Уг бүтээлээ “агуу эх” хийгээд “сүрлэг том” гэх давхар утгыг
бэлгэдэж ийнхүү нэрийдсэн бөгөөд далны ясны онцлог хэлбэрийг тодорхой
шингээн, хуурай модоор сийлжээ. Энэхүү
бүтээлийнхээ санааг далны ясны арван мянган нууц домгоос сэдэвлэсэн төдийгүй
сүрлэг модон сийлбэртээ арван мянган гуулин товрууг шингээсэн нь хуяг дуулгат
баатар мэт тодорно.
Үзэсгэлэнд нэн шинэ орчин үеийн урлагийг эртний домгийн
урлагтай хослуулсан “Өрөг” бүтээлээ мөн танилцуулж байна. Тэрээр эртний монголчууд далны ясаар
мэргэ төлөг буулгадаг байсан түүхэн уламжлалаас санаа аван бог малын далны ясыг мөнх хөх тэнгэрийн өнгөөр будаж уг бүтээлээ туурвижээ.
Мөн тэрбээр далны
сийлбэрүүдээс гадна далны ясны хэлбэртэй хүрэл баримал бүтээснээ үзэсгэлэнд тавьсан байна. Эртний олдворыг
ашиглан баатрын дүрийг бүтээхдээ хүрэл цутгамал далны ясыг малгайн орой дээрх
чимэг болгон босгосон нь шинэлэг юм.
Энэ сарын 28-ныг хүртэл ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейд гарч буй тус үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэх боломжтой.