ХЭҮК-ын гишүүдийн жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-16 18:42:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Хууль зүйн байнгын хорооноос уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй  25 саналын томьёолол ирүүлжээ. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг “Комисс улсын төсвөөс санхүүжинэ. Комиссын дарга төсвийн төслийг УИХ-ын даргад хүргүүлж, Хууль зүйн байнгын хороогоор төслийг хянуулахаар оруулна. Хууль зүйн байнгын хороогоор зөвшөөрөгдсөн төсвийн төслийг улсын төсөвт нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ” хэмээн өөрчлөн найруулахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 39 гишүүний 22 буюу 56.4 хувь нь дэмжив. Түүнчлэн Комисс үйл ажиллагаандаа баримтлах зарчмын талаарх, бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, Комиссын гишүүдийн сонгон шалгаруулалтын талаар болон Комиссын гишүүдийн жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураасан юм. Түүнчлэн найруулгын шинжтэй 2, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх 2 саналын томьёоллоор санал хураав.Ингээд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. 

Холбоотой мэдээ