Замын-Үүдийн чөлөөт бүс нээгдвэл 40 мянга гаруй ажлын байр бий болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-16 17:45:31
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр засгийн шийдвэр удаашралтай байгаа нь “Замын-Үүд” болон бусад чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийсэн ААН-үүдийн хөрөнгийг царцааж, бүтээн байгуулалтын ажлыг хойш татаж байгааг өнөөдөр МҮХАҮТ-д болсон “Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форумаар онцоллоо.  


Монгол Улс, БНХАУ–ын Засгийн газар Замын-Үүд -Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хэлэлцээрт өнгөрсөн оны 6 дугаар сард гарын үсэг зурсан. Засгийн газраас уг хэлэлцээрийг соёрхон батлах болон “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэр томьёоны өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхгүй удаж байгааг хэллээ. Замын үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад Монголын тал 8,8 сая ам.доллар, Хятадын тал 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд буй.

 


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин: “Чөлөөт бүс байгуулах анхны үзэл баримтлал 1995 онд гарсан. 2002 онд “Чөлөөт бүс байгуулах тухай хууль”-ийг баталж, 2015 онд шинэчлэн баталсан. Бид БНХАУ–ын удирдагчидтай уулзах бүртээ чөлөөт бүс байгуулахыг дэмжинэ гэдэг ч эцсийн шийдвэр гарахгүй байгаа нь олон шалтгаантай. Энэ бол улс төржүүлэхгүй байх ёстой сэдвийн нэг. УИХ-аар хэлэлцээрийг соёрхон батлах асуудал удаашралтай байна. Ази-Европыг холбосон Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах тухай асуудлын гурван тал ярилцаж тохиролцсон. Энэ хүрээнд авто зам, төмөр зам, эрчим хүч, чөлөөт бүсийн тухай асуудлууд яригдаж байна. Үүнээс чөлөөт бүс байгуулах нь Эдийн засгийн коридор байгуулах ажлын амин чухал хэсэг юм” гэв.


Дэлхий дээр 5400 гаруй эдийн засгийн чөлөөт бүс байгаагийн 4000 орчим нь Ази тивд байдаг. Манай хойд хөрш 29 чөлөөт бүс, урд хөрш 2500 гаруй чөлөөт бүстэй. Монгол Улс Алтанбулаг, Цагааннуур, Замын-Үүд гэсэн 3 чөлөөт бүстэй бөгөөд үүнээс Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа тогтворжиж эдийн засгийн үр өгөөжөө өгч эхэлсэн. 


Алтанбулагийн чөлөөт бүсэд бүртгэлтэй 107 ААН-ээс 20 гаруй нь чөлөөт бүсэд байрласан байна. Цагааннуур чөлөөт бүсийн хувьд, улсын хилээс 23 км-т буюу гүнд байрладгаараа онцлогтой бөгөөд тус чөлөөт бүс нээгдвэл Казахстан улсаар дамжин Европын орнуудтай худалдаа хийх боломжтой болно.


Харин 25 жил хүлээж буй Замын-Үүдийн чөлөөт бүс нээгдвэл 40 гаруй мянган ажлын байр бий болох бөгөөд хүнсний үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлал хөгжих боломжит бүс хэмээн тодорхойлж буй юм.


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: “Чөлөөт бүс ДНБ-ийг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой сектор. Энэ асуудлыг 25 жил ярилаа. Бүхэлд нь харвал нийгэмд өгч буй буруу ойлголтоос үүдэлтэй чөлөөт бүс байгуулах асуудал ийнхүү гацаад байна. Уул уурхайн бус экспортыг дэмжихгүйгээр ажлын байрыг нэмэгдүүлж, бодит эдийн засгийг тэлнэ гэдэг явцуу ойлголт. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд худалдааг чөлөөтэй байлгах ёстой. 


Ганцхан жишээ дурдахад, Монгол Улс жилдээ нэг сая орчим ширхэг ноолууран бүтээгдэхүүн дотоодын зах зээл дээр борлуулдаг. Үүний талыг Монголд ирсэн гадаадын жуулчид худалдан авдаг гэсэн судалгаа бий. Хэрэв хил дагуух аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал ноолууран бүтээгдэхүүний борлуулалт хамгийн багадаа 2-3 дахин нэмэгдэхээс гадна заавал гадаад руу экспорт хийж илүү зардал гаргах шаардлагагүй болно” гэлээ.





Холбоотой мэдээ