Дорноговийн зарим суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-16 14:12:59

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр сарын 15-ны байдлаар Айраг, Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Алтанширээ сумын нутагт Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн нийт 94 өрхийн 110,0 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Гадны аймгийн мал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 50 гаруй мянга, энэ оны эхээр 70 гаруй мянга байсан бол эдүгээ 100 гаруй мянга болж нэмэгджээ.

Мөн өөрийн аймгийн Сайхандулаан, Мандах сумын 437 өрхийн 294.7 мянган толгой мал бусад суманд отроор өвөлжиж байна. Дээрх сумдад талдаа 05-15 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Аймгийн нийт нутгаар цас их орсонтой холбогдуулан өвөлжилт хүндрэх төлөвтэй Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Сайхандулаан, Мандах, Иххэт, Даланжаргалан суманд аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэг, Эрүүл мэндийн газар зэргээс бүрдсэн ажлын хэсэг ажиллахаар болов.


Аюулгүйн нөөцийн өвсийг худалдаалж байна


Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу тус аймаг Аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, сумдын аюулгүйн нөөцөд 598,6 тонн өвс, сумдын эрсдэлийн санд 25831.8 сая төгрөг, малчдын түвшинд 8607.5 тонн өвс,753.1 тонн үйлдвэрийн болон гар тэжээл, 514.4 тонн хужир шүү бэлтгэжээ.

Цас их орж хүйтэрснээс үүдэж зарим сум нөөцийн өвс худалдан авч эхэлсэн байна. Улсын нөөцийн өвсийг боодлыг нь 6500 төгрөгөөр худалдаж байсныг түр зогсоож цаг хүндэрсэн үед худалдахаар төлөвлөсөн аж. Харин Сайшандын Хайрхан зах дээр өвсийг 8500 төгрөг, тэжээл, хорголжинг 22000 төгрөг, хивгийг13000 төгрөг тус тус худалдаалж байна.


Инженерийн хийцтэй 48 худаг ашиглалтад оруулжээ


          Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд нийт 48 инженерийн хийцтэй худаг ашиглалтад оруулснаар 72 мянган га бэлчээрийг усжуулж, 155.0 мянган толгой малыг услах боломж бүрдүүлсэн ба 246 гар худгийг шинээр болон  сэргээн засварлажээ.

Харин энэ онд сумдад хийх уст цэгийн судалгаа, худаг гаргах ажлыг  холбогдох албаныхан судалж тодорхойлсон байна. 

Холбоотой мэдээ