Холбооны улсын татварын албаны даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-16 10:31:26

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны улсын татварын албаны дарга Михаил Мишустинийг Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг Төрийн Думд оруулсан байна. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Дмитрий Медведевийн оронд Засгийн газрын тэргүүний албанд томилогдох ёстой нэр дэвшигчийг Төрийн Дум пүрэв гарагт нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэнэ. Үүнээс өмнө М.Мишустин Думын дөрвөн фракц тус бүртэй уулзах юм.


ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгааг Владимир Путинийг Холбооны улсын хуралд илтгэлээ тавьж дууссаны дараа мэдэгдсэн юм. В.Путин илгээлтийнхээ дараа Засгийн газрын тэргүүнтэй ажлын уулзалт хийсэн бөгөөд Д.Медведев энэ үеэр огцрох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. В.Путин хариуд нь Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг түүнд санал болгохоор төлөвлөж байгаагаа мэдээлсэн билээ. Үүний дараахан В.Путин Засгийн газрын гишүүдтэй уулзаж сайд нарын шинэ танхимыг бүрдүүлэх хүртэл үүргээ гүйцэтгэхийг хүсээд, огцорч буй танхимын гишүүн бүртэй ойрын үед уулзана гэдгээ мэдээлжээ.


Оросын удирдагч дараа нь Засгийн газрыг огцруулах тухай зарлигт гарын үсэг зурсан байна. Баримт бичигт дурдсанаар, одоо Ерөнхий сайдын үүргийг Д.Медведев түр гүйцэтгэх бөгөөд сайд нарын шинэ танхимыг бүрдүүлэх хүртэл үүргээ гүйцэтгэхийг Засгийн газарт даалгажээ.


Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчийн нэр мөн өдрийн орой нь тодорхой болсон юм. В.Путин Холбооны улсын татварын албаны даргатай уулзах үеэрээ түүнд Засгийн газрыг тэргүүлэхийг санал болгожээ. Тэрбээр өөрийнх нь зөвшөөрлийг лавлаж баталгаажуулсны дараа М.Мишустинийг нэр дэвшигчийн хувиар хэлэлцэхийг Төрийн Думд санал болгосон байна.


Холбооны улсын татварын албаны даргын албыг 2010 оноос хойш хашсан М.Мишустинийг Засгийн газрыг найман жил тэргүүлсэн Медведевийг огцорсны дараахан Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн нь санаанд оромгүй байсан боловч тэрбээр туршлагатай менежер гэдгээрээ алдартай болохыг ажиглагчид онцолж байна.


 


Холбоотой мэдээ