Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Монголд айлчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-14 17:12:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Кваква Монгол Улсад нэгдүгээр сарын 13-14-нд айлчилсан талаар Дэлхийн банкнаас мэдээллээ. 

Тэрээр айлчлалынхаа үеэр Монгол Улс 2016 оны эдийн засгийн хямралаас хойш хэрэгжүүлсэн эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтэд гарсан ахиц дэвшлийг онцлов. Энэхүү ололт, амжилтаа улам баталгаажуулж, одоогийн хэрэгжүүлж буй шинэчлэлээ тууштай үргэлжлүүлэх нь чухал болохыг цохон тэмдэглэв.  

Хатагтай Викториа Кваква айлчлалын хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нартай албан уулзалт хийж, Дэлхийн банк, Монгол Улс хоорондын урт хугацааны түншлэл, Монголын нийгэм, эдийн засгийг цаашдын хөгжилд Дэлхийн банкны зүгээс үзүүлэх дэмжлэг туслалцааны чиглэлийн талаар санал солилцов. 

Уулзалтын үеэр ярилцсан бусад гол асуудал дотор Монгол Улсын хөгжлийн богино болон дунд хугацааны сорилт, бэрхшээл, түүнийг даван туулахад чиглэсэн Засгийн газрын шинэчлэлийн хүчин чармайлтыг Дэлхийн банк хэрхэн үр дүнтэйгээр дэмжин ажиллах тухай байв.  

“Макро эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийг төрөлжүүлэх, засаглалыг бэхжүүлэх замаар дундаас дээш орлоготой орон болох зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд Дэлхийн банк ямагт бэлэн байх болно” хэмээн Дэлхийн Банкны дэд ерөнхийлөгч хатагтай В.Кваква хэлэв. 

Айлчлалын үеэр хатагтай В.Кваква мөн хөгжлийн түнш байгууллагууд, хувийн салбарын төлөөлөл болон бусад талуудтай уулзав.  


Дэлхийн банкнаас Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй зээл, тусламжийн хэмжээ одоогоор 349 сая гаруй ам.долларыг даваад байгаа бөгөөд уг төсөл, хөтөлбөрүүд нь уул уурхайн бус салбарын экспортыг дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эрчим хүч, боловсрол, мэдээлэл харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, төв болон орон нутгийн засаглалын чиглэлээр хэрэгжиж байна.

Хамгийн сүүлд Дэлхийн банкнаас Монгол Улсын өрийн тогтвортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын бодлогын шинэчлэлийг дэмжин “Монгол Улсын Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн 2 дахь шатны санхүүжилт болох 100 сая ам.долларын зээлийг батлаад байна. 

Дэлхийн банкнаас Монгол улстай цаашид хамтран ажиллах Түншлэлийн стратегийг 2020 онд багтаан боловсруулна.


Холбоотой мэдээ