НҮБ: Газар Дундын тэнгист 500 хүн амиа алдсан байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-21 14:06:33

ТОКИО. /NHK/. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газрын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Газар Дундын тэнгист завь хөмөрсний улмаас 500 гаруй цагаачид амиа алдсан байж магадгүй байна.

Уг байгууллагын мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн лхагва гарагт болсон уг осол Итали болон Ливийн хоорондох тэнгист гарчээ.

Амьд үлдсэн хүмүүсийн ярьснаар, тэд өнгөрсөн долоо хоногт хууль бусаар хил давуулагчдын олж өгсөн завинд сууж Ливийн Тобрук боомтын ойролцоох хотоос хөдөлсөн байна гэж НҮБ-ын агентлаг үзэж байна.

Хууль бусаар хил давуулагчид олон зуун хүн ачсан том усан онгоцонд жижиг завин дээрх хүмүүсийг шилжүүлэн суулгасны улмаас том завь хөмөрч живсэн байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Газар Дундын тэнгист Италийг зорин явсан завь хөмөрч осолдсоны улмаас 800 гаруй хүн амиа алдаж байсан билээ.

Европын Холбоо Грек дэх цагаачдыг Турк руу илгээж байгаа учраас Туркээр дамжин Грекийг зорих дүрвэгсдийн тоо огцом буурч байгаа юм.

Гэтэл улам олон хүмүүс Ливиэс Италийн хаа нэгтээ хүрэхийн тулд янз бүрийн хулгайн замыг сонгосоор байна. Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлснээр, энэ онд л гэхэд ойролцоогоор 25 мянга орчим дүрвэгсэд болоод цагаачид далайгаар дамжин Италид ирээд байгаа аж.

Х.Сарнай




 

Холбоотой мэдээ