Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр аймагт томилолтоор ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-14 14:03:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр аймгийн ажилтай танилцаж байна. Тэрбээр тус аймгийн төрийн байгууллагуудын албан хаагчидтай уулзахдаа ажлын хариуцлагаа ухамсарлаж, иргэн бүрт хүрч ажиллахын зэрэгцээ иргэдээ соён гэгээрүүлэх ажил өрнүүлэхийг үүрэг болгов. 


Аймгийн удирдлагууд нийгэм, эдийн засгийн байдал болон иргэдийн ая тухтай амьдрахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцууллаа.  Нийт 5388 өрх, 17500 орчим хүн амтай тус аймагт 2019 онд улсын төсвөөс 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс одоогоор 640 хүүхдийн сургууль, Нэгдсэн эмнэлгийн барилга, 50 хүүхдийн цэцэрлэг барих ажил өрнөж байна. Аймгийн хэмжээнд дундаж цалин 918 мянган төгрөг байгаа нь улсдаа дөрөвдүгээр байрт ордог гэсэн үг юм. Мөн  ажилгүйдлийн түвшин жил бүр буурч байгааг аймгийн Засаг дарга Г.Батсуурь танилцууллаа. Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн уурхай нүүрс олборлолт, борлуулалтын хэмжээгээрээ Багануурын нүүрсний уурхайн дараа ордог. Жилдээ 1.7-1.9 сая тн нүүрс олборлож, ТЭЦ-4-д нийлүүлэн төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг юм. 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнуудтай уулзана.

Холбоотой мэдээ