С.Оюун: Адуу гүйдэг, бид бичдэг
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн, МУСГЗ, зохиолч, яруу найрагч Санжаажавын Оюунтай ярилцлаа. Тэрбээр Монголын зохиолчдоос Төрийн шагнал хүртсэн гурав дахь эмэгтэй, харин яруу найрагч эмэгтэйчүүдээс анхных нь юм.
-Та одоо хэдүүлээ амьдарч байна, ач гуч олон уу?
-Би охин, охины хүү
гурвуул байна. Хагас бүтэн сайн гээд зарим өдрөөр бужигнаж өгнө өө. Гэртээ
ховор байна. Аравдугаар хорооллоос Сансрын тэнд хүүгийндээ очиж ач хүүгээ харж байна. Замын бөглөрөөнд цаг их өнгөрдөг, бүр харамсмаар. Би хүүгийндээ очихоор
хүүхэд асраад гэртээ ирэхээр охиноороо асруулаад байж байна. С.Удвал гуайтай нэг удаа
таарав аа. Хүүгийнхээ хүүхдийг харахаар явж байна гэнэ. Залагдаад байгаа юм уу,
зарагдаад байгаа юм уу мэдэхгүй л байна гэж хэлж билээ. Яг түүн шиг л байна.
Монголчуудын нийтлэг амьдрал юм даа. Шүүгээн дээрх чемоданаа буулгаж чадахгүй,
хүн хүлээдэг нас ирдэг юм байна.
- Ач үрсээ харахын
хажуугаар роман биччихсэн. "Хүрэн азарганы домог" романаа хэд хоног сууж бичив?
-Аль хавар эхэлсэн л
дээ. Энэ жил бие тааруу байх, хүүхэд харах, роман бичих гээд их л давхацсан жил
байлаа. Ер нь бие тааруу байхад бичсэн зохиол бас тааруу байдаг. Хөл өвдөөд
таяг хүртэл тулж үзэв. Хүнд харагдаж байгаа шигээ биш болчих юм. Хаваржин,
зунжин, намаржин бичээд өвөл дуусгалаа.
-Санаагаа хаанаас яаж олов?
-Санааг курсийн анд, эмч
Ж.Лхам маань хэлсэн юм. Бид хоёр есөн жил Анагаахын сургуульд хамт суралцсан
найзууд. Тэдний азарга Вьетнамаас гүйж ирсэн юм байна. Тэр гүйж ирсэн азарга чинь
манай адуу чамд хэлье гэж бодоод явсан юм гэж хэрэг болгон ярилаа. Төв аймгийн
Мөнгөнморьт сумын бүсгүй л дээ. Найзынхаа хүсэлтийг хүндэтгэн үзсэн. Би бичвэл
уран зохиол л бичнэ гэсэн юм. Баримтат зохиол болгоё гэвэл олон хүнтэй уулзах,
их судлах ажил гарна. Гэтэл би хүүхэд хараад гэрт сууж байгаа хүнд тийм боломж
хаа байх билээ. Уг нь би нэг роман эхлээд явж байсныгаа хойш тавиад энэ сэдэв
рүү орсон юм. Халуун сэрэг дээр нь бичих чухал байдаг.
-Роман бичихэд
тохиолдсон сонин хачин юм юу байв?
-Би уг нь хөдөө, малын дэргэд өссөн хүн. Гэвч яг бичих гэтэл эмэгтэй хүн чинь адуун сүргээс их хол байдаг юм билээ шүү дээ. Тэртээ 1958 онд нийслэлд орж ирэхэд би дөрөвдүгээр ангийн хүүхэд байлаа. Миний мэдэх хөдөө бага насны хөдөө юм байна. Тугал татаж, үнээ сааж, аавын морийг дөхүүлж, сургуульд мориор явсан гээд л миний хөдөө дуусчихаж байгаа юм. Хэдэн насанд нь адууг азарга тавьдгийг анзаарч мэдээгүй л явж. Энэ бүхэн хэрэг болоод ирдэг юм билээ. Дээр нь Вьетнам улс гэхээр Хо Ши Мин гэдэг сахалтай нүдэнд дулаахан хүн л санаанд орж байснаас өөрөөр мэдэх юм таг. Эхлээд би “Харийн нутаг давчдаад байна” гэдэг дууг зохиосон яруу найрагч Б.Доржоор хэлүүлэн Вьетнамд Элчин байсан Энхбат гэдэг хүнтэй уулзлаа. Тэр хүн надад маш чухал хоёр ном бэлэглэсэн юм. Их юм ойлгож авсан. Дараа нь Вьетнамд олон жил байсан, бас “Хо Ши Мин” зэрэг олон ном бичсэн С.Дашцэвэл гэдэг эрдэмтэнтэй уулзсан. Монгол адуу судлаач Д.Баярмагнайгаас ч юм асууж мэдсэн. Энэ мэтээр сайн улсуудын тус дэмээр бичсэн.
Ер нь роман бичихэд их юм унших мэдэх шаардлага гардаг. Ой ухаанаа цэнэглэж
аваад л өөрийнхөөрөө бичдэг. Ховдын яруу найрагч Отгонбаатар, за тэгээд хүмүүс
юу гэж хэлсэн бэ гэхлээр хөнгөн сэтгэлтэй адуу гүйдэг гэж хэлсэн. Хөнгөн
сэтгэлтэй гэхээр яруу найрагчид шиг л “амьтад” байх нь л дээ. Бид бичдэг, харин
адуу гүйдэг юм байна. Адуу маань Хятадын нутгаар гүйсэн болохоор тэр үеийн Хятадын байдлыг бас ойлгох хэрэг гарсан. Яг тэр үеэр эрдэмтдийг амьдрал
судлуулахаар явуулж байсан юм билээ.
-Таны “Тань руу нүүж
явна” кино үзэгчдийн сэтгэл зүрхэнд их хүрсэн дээ. Энэ киног яагаад бичих болсон бэ?
-Энэ тухай ч их ярьсан даа. Сэдэв нь бас л амьдралаас харсан зүйл. Манай нутагт, намайг жааханд Тамжав гэж хөгшин байлаа. Малын эмч мэргэжилтэй хүүтэй. Нэрийг нь Дарьсүрэн гэнэ. Тамжав гуайн нүд юм харахаа байгаад хүү нь нэгдүгээр эмнэлэгт үүрээд явж байна гэж дуулдах. Гэтэл тэр ач тустай хүү нь мотоциклийн ослоор нас бараад нутгийнхан тэр хөгшин яана даа гэцгээж байгаа нь хотод ирсэн манайханд дуулддаг байв. Бас хүүхэд төрөхөөр л Тамжав гуай очиж үздэг. Нутаг усандаа төрнө гээд хэлчихсэн байж. Ийм юм л дуулдаад байсан. Нэг өдөр л энэ яриа чинь киноны сэдэв юм байна гэж гялсхийтэл санасан юмдаг. Зохиол гэнэт л санаанд ордог. Тэгээд эхийн сэтгэлийг харуулах санаатай зохиол бичсэн. Найруулагч тэр санаагаар нүүдэлчдийн амьдралын философийг гаргасан юм билээ. Асуудлыг нүүдлээрээ шийддэг гэж. Арав хоногт зардлаа олсон л гэдэг юм.
-Огт мэдээгүй. Арванхоёрдугаар сарын 26-ны орой Чука утасдаж “Баяр хүргэе, Төрийн шагналтаан” гэсэн. Юу ярьж буйг нь ойлгохгүй, гайхаж байтал дахиад “Та Төрийн шагнал авах боллоо, баяр хүргэе” гэлээ. Тийм мэдээ сонсоно гэж төсөөлж ч байгаагүй хүн чинь надаар тоглоод байна гэж боддог юм билээ. “Яагаад хүнээр тоглоод байгаа юм бэ” гэтэл “Манай хамтлагийн таван дуу Төрийн шагнал хүртэх болсон. Тэдний нэг нь таны шүлэг “Үгүйлэн санана”. Дууны авторууд бүгд Төрийн шагнал хүртэх юм байна” гэж тайлбарласан ч би нэг л итгэхгүй байлаа. Тэгсэн Чука “Та одоо баярлахгүй байгаа юм уу” гэхээр нь сандарсандаа “Баярлалгүй яах вэ, баярлаж байна” гэчихсэн. Чука тэгж утсаар ярихдаа “Херо”-гийнхон нэвтрүүлэг хийж байгаа. Та ирж зураг авалтад ор” гэхээр нь очиж нэвтрүүлэгт оролцсон хэрнээ л “Үнэн байдаг байгаа даа” гэж эргэлзсээр байлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газраас огт ярьдаггүй, таг. Хоёр өдөр утсаа чагнаж, сэтгэл дэнслээд бүр сэнсэрчихсэн. Сүүлдээ тэвчээр алдраад 28-нд Чука руу “Та нар зөв сонссон уу, андуураагүй биз, над руу хэн ч ярьсангүй” гэсэн мэссэж бичлээ. Тэгсэн чинь 28-ны үдэш 21 цаг өнгөрч байхад Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж, албан ёсоор дуулгаснаар сая бүрэн итгэсэн дээ.
-Зохиолчид
төрийн одон, шагнал хүртэхээрээ Зохиолчдын хороондоо очиж, тугнаасаа адис авдаг
уламжлалтай. Та ч бас шууд хороо руугаа явсан гэсэн?
- С.Удвал
даргыг ажиллаж байх үед Зохиолчдын хороо Сүхбаатарын одонгоор шагнуулсан. Тэр
одон нь тугандаа байдаг юм. Би хороондоо очиж, тугнаасаа адис авахсан гэж
бодоод Зохиолчдын хороо руу залгатал хүмүүс юу ч мэдсэн шинжгүй, амраад
явчихсан байсан. Амралтын өдөр таарсан болохоор аргагүй л дээ. Маргааш нь
шагналаа гардаад “Харанга”-ынхан “Чингис” ресторан руу хамт явъя гэхэд нь Зохиолчдын
хороо руугаа явсан. Очиход харин бүгд цугларчихсан хүлээж байсан.
-М.Горькийн сургуульд сурч байхдаа бичсэн юм. Би
энэ шүлгээ дуу болно гэж бодоогүй, миний шүлэгт ая хийгээрэй гэж хүнд өгөөгүй.
Тухайн үед сонинд гарсан байсныг нь Чука олж үзээд ая зохиож дуулсан юм билээ.
“Сонины тасархай дээр хэнийх гэдэг нь мэдэгдэхгүй шүлэг байсан.
Таалагдсан учраас ая хийсэн” гэж ярьж байсан. “Малын хотонд баатрын алтан
соёмбо байдаг юм байна” гэж Ж.Намхайнямбуу баатар хэлсэн шиг уран бүтээлчийн
шагнал бүтээл дунд нь, сонины тасархай дээрх шүлэг, романы нэг хуудсанд нь явж
байдаг юм байна.
-“Ардын эрх”-д ажиллаж байхад өнөөгийн СУИС-ийн захирал
Э.Сонинтогос “Таны дуу хит болж байна” гэж хэлснээр шүлгээ дуу болчихоод
“Харанга” хамтлаг дуулж байгааг мэдсэн. Залуу хүн болохоор рок хамтлаг сонсдог
байж, би сонсохгүй юм чинь яаж мэдэх вэ дээ. Тэгж байтал циркийн хананд
“Үгүйлэн санана” гэдэг тоглолт хийхээр анонс өлгөчихсөн байсан. Дууных нь автор бичигдээгүй л байлаа. Би ч “Шүлэг нь минийх юм шүү” гэж хэлье гэж боддоггүй,
хэнэггүй байж. Бүр дараа нь “Варьете”-д “Харанга” хамтлаг байдгийг мэдээд очиж
уулзан “Үгүйлэн санана” дууны шүлгийг бичсэн гэдгээ хэлж, танилцсан. Сая тэдэнтэй ярих нь ээ, дуу гарснаас
хоёр жилийн дараа танилцсан юм билээ.
-Харин цахим орчинд зарим нэг хүн “Ганц дуугаар Төрийн шагнал авчихдаг юм бол амар юм байна” гэж бичсэн байна гэсэн. Түүнийг харсан хүүхдүүд “Ээж тоглолтоо хий” гээд байгаа. Уг нь би тоглолтоо хийе гэж хэдэн жилийн өмнө бодож байсан юм. Гэтэл “Хорвоод ганцхан ээждээ”-г дуулдаг Н.Төмөрхуяг гавьяат маань бурхан болчихоор нь больчихсон. Одоо харин яадаг юм билээ гэж бодоод л сууна.
-Төрийн шагнал авсан гуравхан эмэгтэй зохиолчийн нэг, тэр
дундаа бүсгүй яруу найрагчдаас анхных нь та боллоо. Бас Булган аймгаас анхных болчихов уу яав?
- Цөөхөн эмэгтэй Төрийн шагнал хүртсэнийг анзаарч, бодож байсангүй. С.Удвал гуайгаас хойш 40 гаруй жилийн дараах, яруу найрагчдаас анхных нь Төрийн шагналт эмэгтэй гэж бодохоор улам ч сүрдмээр санагдаж байна. Санаа зөв, уран зохиол, яруу найрагтаа үнэнч явсныг минь бурхан тэнгэр харж, ийм шагнал илгээсэн байх аа.
Яруу найрагч
С.Оюун тун эгэл даруухан, энгийн хүн билээ. Энэ
удаа ч тэрбээр зохиолоосоо илүү эмээгийнхээ ажлыг л ярих гээд байв.
Гэхдээ зүгээр суулгүй шинэ романаа хэвлэлд шилжүүлчихсэн сууна. Бас л хөдөлмөрч
хүний ажил шүү. Ноднин үргэлжилсэн үгийн ном хэвлүүлэн нээлтээ хийж байсан. Энэ
жил төрийн шагналаа шинэ романаараа “угааж” байгаа гэлтэй. Төрийн шагналт
зохиолч, яруу найрагч С.Оюуны ааруул
шиг хүлхэгдэж, айраг шиг залгигддаг дууны үгээс дээжлэн авлаа.
***
...Томоогүй явж боллоо ээж ээ
Тогоруу буцаж, зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээж ээ...
***
...Санана даа чи намайг санана
Сар нарыг унтуулан сэрээж санана
Нартайд чи намайг санаж гандана
Сартайд чи намайг санаж бүдэрнэ...
***
...Мөнгөн өнгөөр хорвоог
цайлган
Тэргэл саран тэнгэрт хөвнө
Мөрөөдөл сэтгэлийг хайраар ундаалж
Үнэнч чи минь зүрхнээ тодхон
Сарны мөнгөн туяан доор
Дуулим хорвоо гоёхон байна...